ЕРӨНХИЙЛӨГЧ
Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, бодлогын тэргүүлэх зорилтуудыг нь хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргаснаа өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Тодруулбал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд, Төрийн тэргүүний аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, Гадаад харилцааны сайд асан Л.Болд нарт олгов. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Ч.Баярмөнх, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Д.Батсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Билэгдорж, Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Л.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх Н.Батаа, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Ж.Сүхээ, ахмад дипломатч Д.Пунцаг, С.Бадрал нарт олгосон юм. Эдгээр нь долоон шатлал бүхий дипломат цолны хамгийн өндөр нь бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг. Харин дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор Дипломат албаны тухай хуульд заажээ.
Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд болсон цол гардуулах ёслолд Л.Болд, М.Цэнгэг, Н.Батаа, Ж.Сүхээ, Д.Пунцаг, С.Бадрал нар оролцож, Ерөнхийлөгчөөс дипломат дээд цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, батламжаа гардан авлаа. Цол гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч “Монгол Улс аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг учраас үеийн үед гадаад харилцааны салбар, түүний дотор дипломатч нарт өндөр үүрэг, хариуцлага оногддог билээ. Миний бие бүрэн эрхийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд гадаад харилцааны салбарт онцгой анхаарч, Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, үндэсний эрх ашигт нийцсэн прагматик бодлого явуулж, эдийн засгийн тусгаар тогтнол бий болгохыг хичээн ажиллалаа. Эн тэргүүнд хоёр хөрштэйгээ найрсаг байх гадаад бодлогын нэн тэргүүний зорилтын дагуу ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, БНХАУ-тай харилцаагаа улам хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг хичээв. Ялангуяа гуравдагч хөршийн тэргүүлэх улс болох АНУ-тай стратегийн түншлэл тогтоож, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай стратегийн түншлэлээ нотолж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажилласан. Эдийн засгаас ангид аюулгүй байдал, аюулгүй байдлаас ангид эдийн засаг гэж байхгүй.
Ашигт малтмал, түүхий эдээс хэт хамааралтай эдийн засгийн өнөөгийн бүтцийг өөрчлөн төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг хангахад гадаад улс төрийн харилцаа, дипломат үйл ажиллагааг чиглүүлэх нь Монгол Улсын тэргүүн зэргийн эрх ашиг билээ. Эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ Монгол Улсын гадаад харилцааны гол зорилтыг тодорхойлж, түүнийгээ хангаж чадах, эсэх нь эх орноо төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үндсэн шалгуур болох ёстой. Хоёр улсын харилцааг улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, шинэ технологи, хамтын ажиллагааны олон талт хэлбэрийг санаачилж, тэдний ажлын үр дүнд гадаад харилцааны салбарыг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нөхцөлдүүлэгч хүчин зүйлийн нэг болгох нь Элчин сайд нарын эн тэргүүний үүрэг юм. Жил ирэх тусам хилийн чанадад амьдрах монгол иргэдийн тоо өссөөр байна. Гадаад харилцааны салбар, тухайн улс оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрууд иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг идэвх санаачилгатайгаар хангаж ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын зарим нь биеэ нөөх, амирлангуй хандах, практик ач холбогдолгүй ажилд хэт анхаарах зэргээр томилгоот хугацааны дөрвөн жилийг өнгөрөөснөөр Монгол Улсын гадаад бодлогын үр дүн, хоёр улсын харилцааг хувь хүний идэвхгүй хандлагаар тодорхойлох нь үнэхээр хор хохиролтой юм. Элчин сайдын томилолтод улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй. Иймэрхүү улстөржсөн хандлага өнгөрсөн хугацаанд стратегийн онц чухал ач холбогдолтой улс оронд суух Элчин сайдын томилгоонд хүртэл үйлчилж байсныг шулуухан хэлье. Монгол Улсын гадаад харилцааны салбарт дипломат алба хашиж буй иргэн бүр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, мянганаар өртөөлсөн монгол төрийнхөө даянд алдаршсан нэр төрийг хамгаалж, эх орныхоо язгуур эрх ашгийг хангаж, хичээнгүйлэн ажиллах учиртай” хэмээн онцолсон юм.
Бэлтгэсэн: Б.Уран