Нэгэн танил минь “Хүүхдээ дэргэдээсээ холдуулалгүй байлгаж байгаад цэцэрлэгт элсүүлье гэж бодсон юм сан. Хөдөө явуулахаас аргагүй боллоо. Хөл хорионд хэдэн сар “суусан” байгууллагууд цалингаа хугацаандаа өгч чадахгүй, айлууд ч өдөр тутмын хэрэгцээгээ хангаж хүчрэхгүй байна. Нөхрийн минь ажлын газар гэхэд сүүлийн хоёр сар цалингаа өгөөгүй. Ганц хүний цалингаар амьдралаа болгодог манай гэр бүл сүүлийн саруудад өрхийн зардлаа 3-4 дахин бууруулж, байдгаараа чардайлаа. Одоо л коронавирус намжиж, амьдрал хэвэндээ орох нь, охиноо цэцэрлэгт өгч, ажил төрөл хийн, нөхөртөө нэмэр болъё гэтэл улс хүүхдийг минь авахгүй гэчихлээ” хэмээн гоморхонгуй ярилаа. Харин өөр нэг бүсгүй нүүр номдоо “Хүү минь саяхан хоёр нас хүрсэн. Цэцэрлэгт явах насанд хүрлээ гээд бид бөөн баяр болов. Хэрэндээ л бэлдлээ. Зөв бие засуулж, хооллож сургалаа. Гэтэл цэцэрлэг “будаа”. Аав нь өдөр өнжүүлэх төвд явуулахгүй, дахиад ганц жил гүрий гэнэ. Би үгүй гэж тас зөрсөн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж байх шиг. Ер нь энэ улсад бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ойлгох, дэмжих бодлого бий болов уу” гэж бичжээ.
Гурван нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гаргасныг БШУЯ-наас танилцуулсан нь эцэг, эхчүүдийг ийнхүү бухимдахад хүргэв. Дээрх хоёр бүсгүйтэй ижил сонголттой нүүр тулсан ээжүүд “Яамны саналыг Засгийн газар бүү дэмжээсэй” хэмээн залбирч, “Хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр. Бага насны хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хаалаа” гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Гэвч энэ нь өчигдөр, уржигдар гэнэт гаргасан шийдвэр бус, жил гаруйн өмнөөс салбар яамны түвшинд ярьж, төлөвлөсөн санаачилга учраас Засгийн газар “ногоон гэрэл”-ээр дэмжиж, Боловсролын ерөнхий хуульд биеллээ олох магадлалтай гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Үе үеийн Засгийн газар, Боловсролын сайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж “лоозогнож”, төлөвлөгөө, зорилтдоо тусгасаар ирсэн. Гэвч Монгол Улс түүхэндээ энэ зорилгод хүрч байгаагүй. Статистик мэдээллээс харахад, манай улс цэцэрлэгийн насны нийт багачуудынхаа 70-85 хувийг нь л сургуулийн өмнөх боловсролд хамруулж, жил бүр 40-50 мянган хүүхдийг “гэрт нь үлдээжээ”. Анги дүүргэлт, нэг багшид ногдох хүүхдийн тоог харгалзан, олон улсын стандарт, нормыг яг таг баримталбал энэ тоо 2-3 дахин буурах нь гарцаагүй. Ерөөсөө бид боловсролын салбарын гол уриа, зорилго болох тэгш, хүртээмжтэй байдлыг сургалтын байгууллагын хамгийн доод нэгж (цэцэрлэг)-ээс авхуулаад бүх шатанд алдагдуулжээ. Үүний балгаар хоёр настнууд цэцэрлэгээс “жийгдэхэд” хүрээд буй юм.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн статистик тайланд дурдсанаар бол өдгөө улсын хэмжээнд 1454 цэцэрлэг (506 нь хувийнх) бий аж. Эдгээрт хамгийн ихдээ 247 мянган хүүхэд хамруулах боломжтой. Гэтэл манай улсад 2-5 насны 300 мянган хүүхэд байна. Тодруулбал, цэцэрлэгүүд нийт багачуудын 82 хувийг элсүүлэх хүчин чадалтай. 3-5 насны 232 мянган хүүхдийг эхний ээлжид 100 хувь хамруулна гэж тооцвол хоёр настнуудын ердөө 21 хувийг “шингээх” орон тоо цэцэрлэгүүдэд үлдэж байгаа юм.
Цэцэрлэг хүрэлцээгүйгээс эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх “алтан” зарчмыг боловсролын байгууллагууд өнгөрсөн жилүүдэд баримталж ирсэн. Хамгийн сүүлийн хичээлийн жилд гэхэд хоёр настай хүүхдүүдийн 54, гурван настнуудын 75, дөрөвтэй багачуудын 85, тавтай жаалуудын 92 хувийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулжээ. Харин 2021 оны хичээлийн шинэ жилээс эхлэн “бүх” хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 3-5 болгох мэргэн арга сүвэгчилсэн байна. Өөрөөр хэлбэл, 0-3 насныхны 35 хувийг эзэлдэг 70 мянган хүүхэд (хоёр настан)-ийг хүчээр түдгэлзүүлэх нь.
0-3 нас бол хүүхдийн хөгжилд онцгой нөлөөтэй үе. Ирээдүйд хэн байх вэ, ямар хүн болж төлөвших нь энэ үеэс тодорхойлогддог гэсэн судалгаа хүртэл бий. Түүнчлэн энэ насанд хүүхдийн тархи асар хурдтай хөгждөг учраас шинэ зүйл сурах, хүлээж авах чадвар өндөр байдаг аж. Тиймээс хүүхдийг хоёр наснаас сургуулийн өмнөх боловсролд хамруулах замаар хөгжлийг нь дэмжих, нийгмийн харилцаанд бэлтгэх нь зүйтэй гэж олон улсын жишигт үздэг юм байна. Европын зарим хөгжингүй оронд хүүхдийг ой таван сартайгаас цэцэрлэгт элсүүлэх боломжийг бүрдүүлжээ. Харин манай улс дэлхий нийтийн жишгээс эсрэг алхаж, олон жил баримталсан бодлогоосоо буцав.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ хэлэхдээ “Сургуулийн өмнөх нас буюу тавтай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах бодлоготой холбоотой” гэхээс өөр дорвитой тайлбар өгөөгүй нь олон эцэг, эхийг гонсойлгов. Ямар сайндаа иргэд “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах хамгийн хялбар шийдэл бол хоёр настнуудыг хасах” хэмээн егөөдөх вэ дээ. Сайдын мэдэгдлээс анхаарал татсан нь “0-3 насныхныг өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах, эцэг, эхчүүдэд 130 мянган төгрөгийн хувьсах зардал олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг бодлогыг цаашид баримтална” гэх өгүүлбэр. Өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээ бол шийдэл биш. Хүүхдийн сэтгэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих наад захын орчин нөхцөл, аюулгүй байдлын шаардлага хангаагүй ийм газруудад эцэг, эхчүүд балчир үрсээ тэр бүр даатгахгүй л болов уу. Сайд ч “Стандартын асуудал мэдээж бий” хэмээн хүлээн зөвшөөрнө лээ.
Тэрчлэн хоёр настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цэцэрлэгийн хувьсах зардал болох 130 мянган төгрөг олгох саналыг дэвшүүлжээ. Хэрэв энэ шийдлийг Засгийн газар дэмжвэл 9.1 тэрбум төгрөг (одоогийн тооцоогоор) тараах нь. Хүүхдийн тоо өсөхийн хэрээр энэ зориулалтаар олгох мөнгөний хэмжээ ч цаашид нэмэгдэнэ. 9.1 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. 3-4 бага сургууль, цэцэрлэг барих хэмжээний төсөв. Эцэг, эхчүүд ийм хэмжээний тэтгэмж аваад гэртээ суухаас илүү хүүхдээ цэцэрлэгт явуулахыг, эрүүл, аюулгүй орчинд, мэргэжлийн багшид даатган үлдээхийг, үеийнхэнтэй нь эн тэнцүү хөгжүүлэхийг, сэтгэл амар ажиллаж хөдөлмөрлөхийг чухалчлах нь лавтай. Иймд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах эрхгүй болсон хүүхдүүдийг халамжийн бодлогоор аргалах бус, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, адаглаад өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээг стандартад нийцүүлэх шаардлагатай юм.
12 болон түүнээс дээш бүлэгтэй улсын цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр гаргасан. Нэг бүлэг нь 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй байхаар тооцож, 2021-2022 оны хичээлийн жилд улсын 60, 2022-2023 онд төр, хувийн бүх цэцэрлэг дэргэдээ ясли байгуулна. Ингэснээр 8000 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой гэсэн тооцоо гаргаад байв. Гэхдээ үүнд амьжиргааны түвшин доогуур, эрүүл мэндийн өсөлт, хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай буюу зорилтот бүлгийн хүүхдүүдийг голчлон хамруулахаар тусгасан. Энэ ажил өдгөө ямар шатанд байгааг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрынхнаас лавлахад “Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй” гэсэн юм. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Өмнөх сайдын санаачилгыг Л.Энх-Амгалан дэмжээгүй” гэх юм билээ. Ямартай ч боловсролын салбарт олон шинэчлэл, өөрчлөлт хийж, гажуудал, завхралыг засна хэмээн зүтгэж буй шинэ сайдын өнгөрсөн хугацаанд танилцуулсан шийдвэрүүдээс хамгийн оновчгүй, цагаа олоогүй нь энэ байлаа. Түүний саналыг Засгийн газар дэмжих, эсэхээс мянга мянган хүүхдийн ирээдүй, олон гэр бүлийн ахуй амьжиргаа шалтгаалах нь.