Дархлаажуулалтын дараа хүний биед үүсэх эсрэг биетийн үзүүлэлтийг тодорхойлох судалгааг хийжээ. Тодруулбал, манай улсад хамгийн өргөн хэрэглэж байгаа Астра Зенека, Веросел вакцин хүний биед хэдэн хувийн эсрэг биет буюу дархлаа тогтоож байгаа талаарх судалгаа юм. Астра Зенека вакцины эхний тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа 56 хувь байсан бол хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоногийн дараа 100 хувийн эсрэг биет үүссэн байна. Харин бидний сайн мэдэх Веросел вакцины хоёр дахь тунг хийлгээд 14 хоногийн дараа 99,3 хувийн эсрэг биет хүний биед үүсэж байна гэсэн судалгаа гарсан гэж Анагаах ухааны академийн гишүүн, Вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор, профессор Ж.Оюунбилэг онцлон хэлэв.
Мөн тэрээр, "Манай улсад хэрэглэж байгаа дээрх хоёр вакцин нь хангалттай дархлаа үүсгэж байгаа, эргэлзэх шаардлагагүй. Синофарм компанийн Версел вакцины тухайд бид эргэлзэх зүйл байхгүй. ДЭМБ-аас уг вакциныг яаралтай хэрэглэх вакциныхаа жагсаалтад оруулсан ихээхэн ач холбогдолтой хэмээн үзсэн.
Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчний эсрэг вакцин гаргаж авч, бүрэн устгасан бол халдварт саа өвчнийг өөрийн улсдаа үйлдвэрлсэн вакцинаар устгасны 20 жилийн ой 2020 онд тохиож байгаа юм. Монгол Улс хүн ба малын вакцин үйлдвэрлэгч орон билээ.
Ингээд ард иргэддээ хандаж хэлэхэд, бид хариуцлагатай хандаж чадвал наймдугаар сар гэхэд халдварт өвчний дэгдэлтийг дарж чадна. Өвчний тархалтыг хумихын төлөө хичээн зүтгэж, хуулинд сайн дураараа вакцинд хамрагдана гэж заасан боловч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, вакциндаа өргөн хамрагдаарай" гэв.