Автобусны зарим буудалд байршуулсан, монгол бичгээр урнаар татаж бүтээсэн үзмэрүүдийг харсан хүмүүс “Ямар гоё юм бэ” хэмээж байна. Эдгээр нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас 10 дахь удаагаа зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн иргэдийн ирүүлсэн шилдэг бүтээл юм. Монголчууд XIII зуунаас эхлэн төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны туурвил бүтээхэд хэрэглэсээр ирсэн сонгодог бичиг өдгөө үзэсгэлэнгийн үзмэр төдий байна. Гэхдээ төрөөс монгол бичгийг албан ёсных болгохоор хуульчилсан тул манай улсын иргэд 2025 оноос нийтээрээ хос бичигтэн болох учиртай.
…2020-2021 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлахаар заасан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан. Их, дээд сургуульд суралцагчдаас монгол бичгийн чадварын шалгалт заавал авч буй бөгөөд дүнг бакалаврын дипломд баталгаажуулж байх юм…
Өдгөөгөөс дөрвөн жилийн дараа хэн хүнгүй хос бичигтэн болчихсон, үндэсний төдийгүй дэлхийн бичиг, соёлын үнэт өв босоо бичгээрээ жирэлзүүлж чадах уу. Хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ. Энэ талаар шинэ тутам мэдээ, мэдээлэл юу байгааг тандаж Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор С.Дуламаас тодруулсан юм. Тэрбээр “Хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд үүрэг хүлээсэн байгууллагууд дор бүрнээ ажиллаж байна. Ялангуяа орон нутагт ажил сайн үргэлжилж байгаа. Хэрвээ та нар анзаардаг бол “Сумаараа монгол бичигтэн болохоор зүтгэж байна” гэж байснаа тодорхой хугацааны дараа “Бүгд монгол бичигтэн боллоо” гэж мэдээлдэг. Сургалт явуулаад, бичиг мэдэхгүй бүх оршин суугчаа хамруулчихаж байна шүү дээ. Үндэсний статистикийн газартай хамтарч улсын хэмжээнд анх удаа төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа явуулсан. Нийт 165 мянган хүн хамруулахад 51 хувь нь кирилл болон монгол бичиг хослуулан албан хэрэг хөтлөх чадвартай нь тогтоогдлоо. Энэ бол өндөр үзүүлэлт биш ч муугүй дүн. Дундаж гэж ойлгож болно. Цаашид хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу тус тусдаа үүрэг хүлээж буй байгууллагууд ногдсон ажлаа чанартай явуулаад байвал 2025 он гэхэд хос бичигтэн болно гэсэн зорилгоо улс нийтээрээ биелүүлэх боломжтой. Харин хаана хаанаа хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол чадахгүй” гэсэн юм.
Тэгэхээр Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-3”-ын зүйл, заалт бүрийг ягштал биелүүлэх аваас нийтээр хос бичигтэн болох ирээдүй холгүй нь. Ер нь хос бичигтэн гэдэг нь юу хэмээсэн үг вэ. Улсын иргэд нийтээр монгол бичиг мэддэг, түүгээр харилцдаг байхыг хэлж буй. Юуны өмнө төрийн байгууллагууд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулдаг болно. Мэдээллийн цахим хэрэгслүүд мэдээ, материалынхаа 30-аас доошгүй хувийг монгол бичгээр нийтэлж байх юм. Энэ нь хуулиар ногдуулсан үүрэг учир зөрчвөл тухайн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авах жишээтэй. Үүнээс өөр ямар зохицуулалт байгаа, монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгоход бэлтгэх чиглэлээр төрийн, төрийн байгууллага, иргэн юу хийх ёстойг “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-3”-т тодорхойлжээ.
Уг хөтөлбөрийг 2018 оноос “амь оруулах” ёстой байсан ч хариуцсан яам нь хоёр жил хоцроож Засгийн газраар батлуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихийн тулд сургалт, судалгаа, хэрэглээний орчин бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах шаардлагатай. Үүний тулд хэд хэдэн зорилтыг биелүүлэх ёстой. Тухайлбал, монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх, сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх шаардлага бий. Мөн цаашид монгол бичигт бүрэн шилжих эрх зүй, технологийн орчин бүрдүүлж, бэлтгэл хангах, сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Тухайлбал, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг энэ оноос эхлэн хос бичгээр хэвлэж, хоёр жилийн дараа зөвхөн монгол бичгээр гаргах бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх ёстой. 2020-2021 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлахаар заасан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан. Их, дээд сургуульд суралцагчдаас монгол бичгийн чадварын шалгалт заавал авч буй бөгөөд дүнг бакалаврын дипломд баталгаажуулж байх юм. Мөн төрийн албан хаагчийн анкетын маягтад монгол бичгээр унших, бичих чадварыг тэмдэглэх хэсгийг нэмнэ. Төрийн албанд анх орох иргэдийн монгол хэлний шалгалтын 20-иос доошгүй хувь нь үндэсний бичгийн холбогдолтой байна. Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад монгол бичгийн мэдлэг, чадварыг нэмж тусгах зэрэг зайлшгүй биелүүлэх шаардлагууд бий. Төрийн байгууллагууд ирэх жилээс албан бичиг хэргээ кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэн туршиж эхлэх юм.
Бүх нийтээр хос бичигтэн болох тухай ярьж эхэлсэн цагаас болон одоо ч “Монгол бичгийн хэрэг байна уу”, “Түүний оронд англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэлээ болгох нь дээр”, “Хөгжил гэдэг чинь хойшоо харахын нэр биш” гэх зэргээр маргаж, үндэсний бичигтээ тоомжиргүй ханддаг хүмүүс бий. Үүний тухайд ямар бодолтой явдгийг нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дуламаас асуухад “Энэ бол залхуу хүмүүсийн яриа. Төрийн албанд насаараа шахам ажилласан, хэзээ мөдгүй тэтгэвэрт гарах дөхсөн, тэр болтол элдэв юм нэмж суралгүй амар жимэр байгаад суудлаа тавьж өгөхөөс өөр юм бодож, сэтгэхээ больсон улс ингэж ярьдаг. Дундаж насныхан, залуучууд бол тэгж хэлэхгүй. Ер нь юм мэдэхээ байхаараа хөгжил гэж дуугардаг хүмүүс бий шүү дээ. Монголчууд бид өөрийн гэсэн үндэсний бичигтэйгээрээ азтай. Байгаа бичгээ хэрэглээнд нэвтрүүлэх замаар хамгаалж, хөгжүүлэх нь бидний хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг ч юм. Тэр бүү хэл монгол бичгийг маань устгах тухай зарим улсад ярьж, тэмцэж байна. Бид тэдэнтэй адилхан “Тийм ээ, энэ бичиг хэрэггүй” гээд устгуулах уу. Англи хэлийг ядах юмгүй эзэмшдэг хүмүүс монгол бичгийг амархан сурна. Гагцхүү залхуурч болохгүй” хэмээсэн.
Үнэндээ Монгол Улсын иргэд бидэнд өөрийн гэсэн бичиг, соёлоос эрхэм, үнэтэй өв, бахархал гэж юу байх билээ. Уг, язгуур сайтай үндэстний хувьд тусгаар тогтнол, оюун санааны халдашгүй дархан байдлаа улам баталгаажуулан, улсаа хүчирхэгжүүлэх арга замуудын нэг нь хэдэн зууны түүхийг өнөөдрийн бидэнтэй золгуулсан монгол бичгээ нийтээр сурч, хэрэглэх юм.
Түүхээ харъя. Манай улсад төрийн албан хэргийг 1946 оноос хойш кирилл бичгээр хөтлөн явуулж буй. Гэсэн ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж байгаа. Энэ нь монгол бичиг төрийн хэрэгт зохих үүрэг гүйцэтгэсээр байгаагийн бодит жишээ. Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-1”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг тус тус хэрэгжүүлсэн. Уг хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн VI-IX ангийнхан монгол бичгийн хичээлийг судлах болсон. Мөн иргэний болон боловсролын баримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэх, ном, сурах бичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгох зэрэг үр дүн гарсан. Гэвч “Бүх нийтэд монгол бичгийг сургах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэх орчин бий болгох” зэрэг зорилтыг хангалттай хэрэгжүүлээгүй. Тиймээс өдгөөгийн “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-3”-ыг ор нэрийн төдий бус, 100 хувь хэрэгжүүлэх аваас 2025 онд хос бичигтэн болох үндэсний хэмжээний зорилгоо хамтаар биелүүлэх нь.
Одоогийн байдлаар монгол бичгийн хэрэглээг нэвтрүүлэхээр төрөл бүрээр оролдож буй үлгэр жишээ байгууллага бол Ерөнхийлөгчийн Тамгын газар гэхээр байна. Нийтлэлийн эхэнд дурдсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн-уралдаан зохион байгуулах, монгол бичгээр цахим хуудас хөтлөх, Ерөнхийлөгч өөрөө санаачлан хичээл заах зэргээр олон нийтэд сонирхол төрүүлэх ажлыг тус газраас зохион байгуулж буй. Монгол бичгээр хөтөлдөг цахим хуудсанд нь өдөрт 500-700 хэрэглэгч “зочилдог” нь өндөр үзүүлэлт аж.
Монгол бичгийн сургалт, хэрэглээний нөхцөл байдалд хийсэн шинжилгээний дүнгээр цаашид сургалтыг дээд, мэргэжлийн, насан туршийн боловсролын салбарт эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, стандарт дүрэм, журмыг шинэчлэн батлах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог нэмэгдүүлэн уялдуулах нь туйлаас тулгамдаж байгаа нь харагджээ.