Эрүүл мэндийн яам Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар гарын үсэг зурав. Уг үйл явдлын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковид 19-ийн цар тахлын хүнд амаргүй үед нийт эмч эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан хувийн ипотекийн зээлийг хурдан шуурхай олгохоор болсон Худалдаа хөгжлийн банканд баярласан талархсанаа нийт эмч эмнэлгийн ажилчдынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс илэрхийлж байгаад таатай байна. Цаашдаа Худалдаа хөгжлийн банктай хамтран олон зүйл дээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа үргэлжлэх болно" хэмээв. Эрүүл мэндийн яам, Худалдаа хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудад ипотекийн 6 хувийн зээлийг олгохоор боллоо. Худалдаа хөгжлийн банкны бүх салбарт дугаар харгалзахгүй очиж зээл авах боломж нөхцөл ийнхүү бүрдэж байгаа юм. Мөн ипотекийн 6 хувийн зээлийн материал бүрдсэн тохиолдолд нэг өдрийн дотор орон сууцны зээлийг шийдвэрлэхээр тохиролцжээ. 2020, 2021 оны зааг буюу Шинэ жилийн баяраар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон бүх харилцагчдаа дархлаажуулахаа мэдэгдэж, мэндчилгээ дэвшүүлсэн. Гэвч эл амлалтаа өнөөдрийг хүртэл биелүүлээгүйд харилцагчид гонсгор үлдсэн. Энэ удаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч нараа битгий хуураасай хэмээн олон нийт хүсэж байна.