Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Уг төсөл нь долоон бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтыг магадлан итгэмжлэх, Хуульчдын холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээрх зохицуулалтыг нь нарийвчлан тусгасан аж. Одоогийн хуульд хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа хуульд харшлахгүй арга хэрэгслээр ажиллах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг баримтлах, мэргэжилтний хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, хараат бус байх, үйл ажиллагаандаа бодитой хандах зарчмыг баримтална гэж заасан. Тэгвэл дээрх төсөлд хүнлэг, энэрэнгүй байх, нууц хадгалах, мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн зарчмыг нэмж тусгасан байна. Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь хуульчийн шалгалтын комиссыг шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөлтэйгөөр байгуулдаг. Харин төсөлд тусгаснаар тус комисст шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгч, хуульч эрдэмтэн болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаан Хуульчдын холбооны Удирдах зөвлөлөөс томилох аж.
Түүнчлэн одоогийн хуулиар Хуульчдын холбооноос магадлан итгэмжилсэн сургалтын хөтөлбөртэй Хууль зүйн сургууль төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн, Монгол Улсын болон гадаадын иргэн хуульчийн шалгалтад орох эрхтэй. Тэгвэл эрхзүйч мэргэжлээр суралцан, бакалавр, түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн, хоёр жилээс доошгүй хугацаанд мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын болон гадаадын иргэн уг шалгалтад оролцож болохоор төсөлд заажээ. Хуульчийн шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг бол үүнийг нэгээс доошгүй удаа болгон өөрчилсөн байна. Шалгалт нь сорилын болон бодлогын гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд сорилдоо 60- аас дээш оноо авсан бол бодлогын хэсэгт оролцох эрхтэй. Шалгуулагч нийт 70-аас дээш оноо авбал тэнцсэнд тооцох бөгөөд энэ зохицуулалтыг төсөлд хэвээр тусгажээ. Хуульчийн шалгалтад тэнцсэн бол үүнийхээ батламж болон ял шийтгэгдэж байгаагүйг нотлох цагдаагийн байгууллагын, харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотлох эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг бичиг баримтыг Хуульчдын холбоонд хүргүүлж, гишүүнээр элсдэг зохицуулалттай. Харин шалгалтын комиссоос тэнцсэн хүмүүсийн нэрсийг Хуульчдын холбооны Удирдах зөвлөлд хүргүүлснээр тэднийг хуульчийн бүртгэлд багтаахаар төсөлд заажээ.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгодог бөгөөд харин тодорхой нөхцөлд хүчингүй болгодог. Тухайлбал, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, өөрөө хүсэлт гаргасан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, зөвшөөрөл авсан, санаатай гэмт хэрэг үйлдсэн, нас барсан бол зөвшөөрлийг нь цуцалдаг юм. Тэгвэл эдгээрээс гадна “Хүүхэд асрах, эсвэл эмнэлгийн дүгнэлтээр асаргаа зайлшгүй шаардагдах хүнийг асрах болсон, гадаадад байнга оршин суухаар шийдсэн, хугацаат цэргийн алба хаах болсон, улс төрийн албан тушаалд томилогдсон, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ гурваас дээш жил биелүүлээгүй” бол зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор төсөлд заажээ. Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг журмаар зохицуулдаг бол үүнийг хуулийн төсөлд бүлэг болгон, нарийвчлан тусгасан аж. Тодруулбал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 10 хүртэлх жилийн хугацаанд эрхэлж байгаа бол нэг жилд дөрвөөс, 10-16 жил хүртэлх хугацаанд ажилласан бол жилд гурваас, 16-гаас дээш жил ажилласан бол жилд хоёроос доошгүй багц цагийн сургалтад хамрагдах нь. Хуульчийн мэргэжлийн шалгалт, багц цагийн сургалт, эрхзүйч бэлтгэх дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх чиг үүрэгтэйгээр Хуульчдын холбоо ажилладаг. Тус байгууллага нь хараат бус байж Их хурал, Удирдах зөвлөл, ерөнхийлөгч, Хяналтын хороо, Ажлын алба, нэгжүүдтэй ажиллаж, шалгалт, хуульчийн бүртгэлийн хураамж, магадлан итгэмжлэлийн төлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсний орлого, хуулиар хориглоогүй хандив, тусламжаас санхүүжилтээ бүрдүүлдэг. Эдгээр зохицуулалтыг төсөлд хэвээр үлдээжээ.
Бэлтгэсэн: Б.Анх