Нийгмийн харилцаа техник, технологийн хөгжлийг дагаад олон янз, хэлбэртэй болсон. Интернэтийн ачаар дэлхийд өрнөж буй үйл явдал, хэн нэгний баяр жаргал, гуниг гутрал, хэрүүл, тэмцлийг тэр доор нь мэдэж, түүнд “хутгалдах”, үзэл бодлоо нэмэрлэх, илэрхийлэх боломж бүрдсэн. Мэдээллийн технологийн ачаар дэлхий “хавтгай” болсон нь энэ. Гэхдээ нийгмийн харилцааны нэн шинэ орон зай болсон олон нийтийн сүлжээг хувийн “тоглолтоороо” дүүргэдэг сөрөг хандлага олон улсад үзэгдэл болжээ. Анх нийгмийн сүлжээ гэсэн ойлголтыг тухайн хүний танилын хүрээ, тэдний хоорондын харилцаа холбоо төдийгөөр тайлбарлан, нийгмийн тогтсон харилцаа гэхэд өрөөсгөл гэж байлаа. Тэгвэл сүүлийн үед эл ойлголт өөрчлөгдөж, нийгмийн сүлжээ илүү өргөн хүрээг, таних, танихгүй, хүссэн, хүсээгүй хүмүүсийг “албадан” хамрах болсон.
…нийгмийн харилцааны нэн шинэ талбар болсон сошиал орчинд хэнтэй, хаана “яаснаа”, юу идэж, уудгаа, ямар байшинд яаж амьдардгаа зарлан, гайхуулах шаадлагагүй. Бас бухимдлаа цацаж, бусдыг хордуулахаа болимоор байна. Хувь хүмүүсээс гадна улс төрийн нам, хүчнийхэн ч сошиал орчныг дайснаа намнах талбар, хар сурталчилгааныхаа бай болгохоо зогсоох ёстой…
Энэ мэт янз бүрийн шалтгаанаар олон нийтийн сүлжээ нь нийгмийн тогтсон харилцааны нэг төрөл болж хэвшив. Тэгвэл нийгмийн олон талт харилцааг нэг дор “баздаг” энэ оройн зайг “ор хөнжлийн” асуудлаа шийдэх талбар болгодог мунхаглал манайд хэвийн үзэгдэл болж байх шиг. Охид, эмэгтэйчүүд үүнд “манлайлах” шинжтэй. Эсвэл ийм “моод” дэлгэрч байгаа юм уу, ямартай ч хүний хархүүг өөрийн “болгосноо” олон нийтийн сүлжээгээр “санамсаргүйгээр” зарлах, ил болгох нь олшрох хандлагатай.
Сүнээ гэх нэрээр олны танил болоод байгаа бүсгүй үүнд гаршсан хамгийн том төлөөлөгч. Түүнээс өмнө бусдад нөхрөө булаалгасан, эсвэл булаасан гэхчлэн энгэр, хормойн асуудлаа олон нийтийн сүлжээнд дэлгэж, нандин харилцаа холбоо, үр хүүхэд, эцэг, эхийнхээ нэрийг хөөдсөн хүүхэн цөөнгүй. Эр булаалдан зодолдож, хэрэлдэх охидын бичлэг, дайралт нийгмийн сүлжээнд олон. Сүүлийн үед улс төрийн хүрээнийхэн ийм дайралтад өртөх нь олшров. Гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн харилцан буруу үйл хийчихээд нэг нь хохирогч, нөгөөх нь хохироогч болдог тогтсон “найруулгатай” нэгэн жүжиг хэд хоногийн өмнө нийгмийн сүлжээнд өрнөв. Энэ удаа “цагаан” тал нь мөн л бүсгүй, “хар”-ынх нь УИХ хэн нэгэн гишүүн. Тэдний дунд “нандин” холбоо байсан, үүнийгээ харилцан ашигтай байлгах үүднээс нэг нь “хайр”, нөгөөх нь мөнгө, эд зүйл өгч, авалцдаг байсан бололтой юм уу даа, ярианаас нь тоймлоход.
Үүний өмнөхөн сахил санваартай нэг хүн бас л охид, бүсгүйчүүдтэй байнга холбогддог талаарх “мэдээ” нийгмийг шуугиулсан. Одоо бүр өндрөө аваад, бишрэгчдийнх нь дунд бөөн маргаан дэгдээд байгаа сурагтай. Энэ мэтээр жижиг, том хүрээнд нийгмийн сүлжээг доргиодог сэдэв нь янаг амрагийн явдалтай холбоотой. Хохирогчдыг нь ажиглаад байх нь ээ, ийм замыг амьжиргаагаа болгосон байх. Эмс охидынх нь хормой сул бол улс мөхөх нэг шалтгаан гэдэг. Айлын жаахан охин аав, өвөө шигээ настай хүнийг “хайрладаг” явдал өнөөгийн Монголд жирийн үзэгдэл болсныг нийгмийн сүлжээнд өрнөдөг элдэв “тулаан” тодорхой харуулна. Иймэрхүү хэрүүлийн доор сэтгэгдэл бичсэн хүмүүс бүр ч аймаар. Нүүр нь ил биш болохоор дураараа “бөөлжиж”, ой гутаах нь эмгэнэл.
Олон нийтийн сүлжээ буюу сошиал орчин нийгмийн харилцааны талбар. Гэтэл бичсэн сэтгэгдлүүдээр нь төлөөлүүлэн дүгнэхэд биеэ авч явах чадваргүй, сэтгэлээ захирах чадамжгүй монгол хүн олон болжээ. Тэдний нөлөө иргэдэд, хүүхдүүдэд ямар хөнөөлтэй талаар бид гайхаж, халаглахаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Кибер халдлага гэж бид их ярьдаг ч үнэндээ өдөр бүр, цаг, минут тутамд өртдөгөө харин мэдэхгүй явж байна. Сошиал орчин дахь сахилга бат иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг олон улсын судалгаануудад тулгуурлан BBC тоймлосон байна. Нийгмийн сүлжээ, ялангуяа фэйсбүүк, твиттер, инстаграм нь хүмүүсийн оюун санаа, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаанууд бөгөөд түүнд дурдсанаар, дэлхийн хүн амын 40 орчим хувь буюу гурван тэрбум гаруй нь олон нийтийн сүлжээ ашигладаг. Өдөрт дунджаар хоёр цагийг үүнд зарцуулахдаа олон янзын хохирол амсдагаа үл анзаардаг. Юуны түрүүнд уншсан, харсан зүйлдээ хэт автаж стерсс, бухимдалд хүлүүлж, сэтгэцийн эрүүл мэндээрээ хохирч байна. Сошиал орчин бол чанаргүй үйлчилгээнээс авхуулаад, улс төр хүртэлх олон асуудлаар уур уцаараа илэрхийлэхэд ямар ч хяналтгүй сайхан талбар учраас биднийг сөрөг мэдээллийн урсгалд оруулах эрсдэлтэй.
2015 онд Вашингтоны “Pew research” төвийн судлаачид сошиал мэдээлэл хүнийг сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижруулдаг уу, эсвэл эсрэгээрээ илүү бухимдуулдаг уу гэдгийг танадах судалгаа хийжээ. Ингэхэд эмэгтэйчүүд нийгмийн сүлжээнээс үүдэлтэй стресст эрэгтэйчүүдээс илүү өртдөг, бас “бөмбөг” тэсэлдгээрээ ч давамгай болохыг тогтоожээ. Австрийн судлаачдын нэгэн судалгаагаар бол фэйсбүүк хуудсаар 20 минут “явахад” л хүний “юм” хөдөлж, муухай ааштай болдог. Энэ нь ихэвчлэн уншсан сэтгэгдлүүдээс үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээний сахилга батгүй байдал нь бусдын сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг дагавартайн илэрхийлэл.
Калифорнийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар, нийгмийн сүлжээн дэх эерэг, эсрэг сэтгэгдлийн үг хэллэг хэрэглэгчдийн дунд хурдан тархаж, моод болдог. Энэ нь хүүхэд, залуучуудад яаж нөлөөлөх нь мэдээж.
“Computers and human behavior” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар, олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс өөрөөс үл шалтгаалсан сэтгэлийн түгшүүрийг байнга тээдэг гэнэ. Гэхдээ эрдэмтэд сошиал мэдээлэл хэрхэн, яагаад түгшүүр төрүүлж байгааг яг таг тогтоогоогүй аж. Нийгмийн мэдээллийн платформ ашигладаг хүмүүст сэтгэлийн хямрал, түгшүүр учрах эрсдэл гурав дахин их байгааг тогтоосон судалгааг европ мэргэжилтнүүд 2016 онд хийсэн байдаг. Энэ нь мөн л сөрөг мэдээлэл, сэтгэгдлээс үүдэлтэй. “Майкрософт”-ын захиалгаар “Твиттер”-ийн хэрэглэгчээс судалгаа авч, дүн шинжилгээ хийхэд мөн л сэтгэлийн хямралд орох эрсдэлтэйг тогтоосон байна.
Үүнээс гадна хүн төрөлхтөн байгалийн жам ёсоор нар, сараа даган биологийн цагаа зохицуулдаг хуультай ч интернэт хэрэглээ, нийгмийн сүлжээнд донтсоноос болж энэ нь зөрчигдөн, нойргүйдэлд өртөх болсон нь том гамшиг гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Энэ ч гэсэн нийгмийн сүлжээний хэрэглээний соёл, сахилга бат гэдгийг онцолсон байна. Энэ мэтчлэн ухаалаг гар утас, интернэт хэрэглээ, сошиал орчны нөлөөллийн талаарх судалгаа цөөнгүй бий.
Нөгөөтээгүүр, олон нийтийн сүлжээг хувь хүний орон зайг хэт “шахах”, бусдын үзэл бодлыг нулимах, нэр хүндэд нь халдах, буланд шахах, буруу, зөрүү ойлголтыг өдөөх, турхирах зэвсэг болгодог түгээмэл хандлага дэлхий нийтэд байна. Энэ нь сошиал орчны сахилга бат хэр байгаагийн илрэл. Манайхны хувьд энэ тал дээр үнэхээр доголдолтой. Хүн дангаар, ганцаараа оршин тогтнох боломжгүй. Тиймээс л хамтарч, эвсдэг нийгмийн тогтолцоог бий болгосон. Тэгэхээр нийгмийн харилцаанд ороход биеэ авч явах тодорхой соёлтой байх ёстой. Үүнийг амьд, эрүүл явах гэхчлэн хүний үндсэн үүргүүдийнх нь нэг гэж болно. Нийгмийн харилцааны соёлд бид амьдралынхаа туршид суралцаж, хэвшүүлдэг. Сошиал орчинд ч нийгмийн харилцаа өрнөж байгаа тул бид соёлтой оролцох ёстой.
Хүмүүс бусдын нүдэнд таагүй харагдахгүйг хичээж, хувцас, зүсэндээ анхаардаг шигээ олон нийтийн сүлжээгээр “явахдаа” ч биеэ зөв удирдаж, соёлтой байх учиртай. Нүднээс далд юм чинь гэсэн хандлагаар юу дуртайгаа бичиж, чалчиж, доромжлон гутаах нь өөрийгөө ч үл хүндэлсэн хэрэг. Тиймээс нийгмийн харилцааны нэн шинэ талбар болсон сошиал орчинд хэнтэй, хаана “яаснаа”, юу идэж, уудгаа, ямар байшинд яаж амьдардгаа зарлан, гайхуулах шаадлагагүй. Бас бухимдлаа цацаж, бусдыг хордуулахаа болимоор байна. Хувь хүмүүсээс гадна улс төрийн нам, хүчнийхэн ч сошиал орчныг дайснаа намнах талбар, хар сурталчилгааныхаа бай болгохоо зогсоох ёстой.