Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. Эл сан нь дэлхийн 100 орчим оронд салбартай бөгөөд манай улсад 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд "Хүүхдэд ээлтэй цэцэрлэг", "Малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах", "Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь" зэрэг олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн уулзалтаар цаашид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Мөн тус сангийнхан цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсныг онцлон тэмдэглээд ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэх талаар ажиллаж байгаагаа дуулгасан юм. Үүнээс гадна орон нутгийн хүүхэд, залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох чиглэлд анхаарч байгаагаа хэллээ. Харин БШУЯ-наас хичээлийн хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.