Өвөлжин өглөө сэрээгүй дүү минь өнөөдөр мандах нартай зэрэгцэн босож, өчигдөр орой индүүдсэн дүрэмт хувцсаа өмсжээ. Сурагч насныхаа сүүлийн жилийг хөл хорионд, алсын зайнаас хичээллэж өнгөрүүлсэн тэр минь догдлон догдолсоор эртээ сэрсэн нь энэ аж.
Өнгөрсөн долоо хоногт сурагчдын зуны амралт нь эхэлж, ЭЕШ-ын давтлагыг танхимаар орох болсноор ахлах ангийн “ах, эгч” нар маань өнөөдрөөс сургуульдаа явж, багш, ангийн найз нартайгаа уулзах билээ. Яг л “9 сарын 1” шиг автобус дүүрэн арван жилийн сурагчид. Сургууль руугаа яаран алхах сурагчийн нүүрэнд баярын мишээл тодорч харагдав. Анги руугаа яарсан нь илт нэгнээ “Андаа хоцрох нь, хурдлаарай” гэх нь бүр ч өхөөрдөм юм. Тэдний хувьд нэг сар үргэлжлэх тэнхимийн давтлага бол ахиж олдохгүй алтан боломж гэлтэй цовоо сэргэлэн, идэвхтэй байх аж. Аргагүй дээ, хамгийн нандин, гэгээн арван жилийнх нь сүүлийн хичээл шүү дээ. “Том ах эгч” нартаа амжилт хүсье. Хамгийн сайнаараа хичээж хүссэн их, дээд сургуульдаа ороорой.