Энэ жил ЭЕШ-д 40420 хүүхэд бүртгүүлсэн. Үүний 8000 нь дахин шалгалт өгч буй гэнэ. Шалгалтын материалын нууцыг ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын хяналтад хамгаалж байгаа. Мөн энэ жил ЭЕШ-ын даалгаврын сэдвийг урьдчилж өгч буй бөгөөд маргаашаас багш нар Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн чиглэлийн дагуу давтлага өгч эхлэх юм байна. Харин суудлын хуваарийг энэ сарын 20-нд зарлах бөгөөд улсын хэмжээнд 50 байранд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, шалгалт авах гэнэ. Мөн "12-17 насны хүүхдүүдийг долоодугаар сарын 1-ээс вакцинд хамруулж эхэлнэ" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Шалгалтын байруудад тусгай анги бэлдсэн. Тодруулбал, шалгуулагчийн биеийн байдал муудвал тусгай ангид хамгаалалтын хувцас өмсүүлж, шалгалтыг таслуулахгүй авах аж. Мөн энэ жил ЭЕШ-ыг зохион байгуулах 3650 багш, ажилчид вакцины хоёр тунд хамрагдсан хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, шалгалтын хариуг автомат машинаар уншуулж 20 минутын дотор өгнө.