Хөл хорио, дархлаажуулалтын үр дүнд коронавирусээр халдварласан хүний тоо буурсан. Гэсэн ч эрсдэл бүрэн арилаагүй, тэр дундаа хүүхдүүд “Ковид-19”-өөр өвчлөх тохиолдол нэмэгдсэнийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нэг сарын өмнө халдвар авсан нийт хүний 18 хувийг хүүхэд эзэлжээ. Гэтэл өдгөө уг үзүүлэлт 21.1 болж өссөн байна. Тэр дундаа 5-14 настай хүүхдүүд халдвар авсан тохиолдол цөөнгүй аж. Манай улсын хүн амын 1.3 сая нь 0-18 насныхан бөгөөд тэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй. Тиймээс цаашид хүүхдүүд халдвар авах тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй гэнэ.
“Хүүхдүүд “Ковид-19”-өөр өвчилсөн ч шинж тэмдэг бараг илэрдэггүй. Өвчилснөө мэдэлгүйгээр бусдад халдвар тараах эрсдэл өндөр гэсэн үг. Гэхдээ хүүхэд хөнгөн өвчлөөд, дорхноо эдгэчихнэ гэж ойлгож болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй хүүхэд олон бий. Мөн коронавирус өргөн хүрээнд тархаж, халдвар авснаа мэдэлгүй хүндрүүлсэн тохиолдолд хүүхдийн биеийн байдал ч муудах эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэм сахиж, хүүхдэдээ өвчин дамжуулах эрсдэлээс сэргийлэх нь чухал” гэж Б.Буянтогтох хэллээ.
Олон улсад өдгөө “Пфайзер” вакциныг хүүхдүүдэд тарьж болох, эсэхийг судалж буй. Уг судалгааны үр дүнгээс хамаарч хүүхдүүдийг дархлаажуулах, эсэхийг шийднэ гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өмнө нь мэдээлж байв. Судалгааны үр дүн сайн гарвал 18- аас доош насныхан ирэх долдугаар сараас вакцин хийлгэх боломж бүрдэх аж. Үүнтэй холбоотойгоор манай улс “Пфайзер” компаниас 2.5 сая тун вакцин авахаар хэлэлцээр хийж буй гэнэ. Уг вакциныг өдгөө АНУ, Канадад 12-18 насныханд тарьж эхлээд байна.
Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд үзээгүй аюулт цар тахалтай нүүр тулан тэмцэж байна. “Ковид-19”-ийн үүсгүүр болох коронавирус, түүний халдвараас сэргийлэх цорын ганц аврал, гол итгэл найдвар бол дэлхийн шилдэг эрдэмтэн, судлаачдын мэдлэг чадварын үр дүн болсон вакцин юм.
Дэлхий даяар өдгөө коронавирусийн эсрэг 184 төрлийн вакцины клиникийн туршилт, судалгаа явагдаж байгаа бол 25 вакцин эмнэл зүйн шатанд судлагдаж байна. Одоогийн байдлаар нийт 14 вакциныг хэрэглээнд нэвтрүүлснээс зургааг нь олон улсад хүлээн зөвшөөрч ДЭМБ бүртгэсэн бол бусдыг нь улс орнууд дотооддоо хүлээн зөвшөөрч дархлаажуулалтыг эхлүүлээд байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд “Пфайзер”, Оксфордын “Астразенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вироселл”, ОХУ-ын “Спутник V” гэсэн дөрвөн төрлийн вакциныг нийлүүлэн, ард иргэдээ дархлаажуулж буй. Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш боловч зорилтот бүлгийг дархлаажуулахад шаардлагатай нийт вакциныхаа 79 хувийг гадаадаас татан авсан, вакцинжуулалтын дүнгээр дэлхийд 12 дугаарт, Зүүн Азид нэгдүгээрт жагсаж байгаа нь чамлахааргүй амжилт юм.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ВАКЦИНЫ I ТУНГИЙН ХАМРАГДАЛТ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ
Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг “Астразенека” вакцинаар анх эхлүүлж байв. Энэ өдрөөс хойш Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл болон орон нутагт дархлаажуулалтын суурин цэгийг даруй нэмэгдүүлж, явуулын цэгүүд давхар ажиллуулж эхэлснээр өдөрт дунджаар 50-60 мянган хүнд вакцин хийх боломж бүрдсэн.
Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод гэхэд л дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэгт нийтдээ 1900 гаруй вакцинатор уртасгасан цагаар ажиллаж байв. Ийнхүү тавдугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины I тунгийн хамрагдалт 80 хувь, II тунгийн хамрагдалт 30.4 хувьд хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 900 130 хүн вакцины I тунд хамрагдаж 94 хувьд хүрээд байгаа бол 479 229 хүн II тунгаа хийлгэжээ. Хөдөө орон нутагт 742 900 хүн I тун, 148 850 хүн II тундаа хамрагдаад байна. Аймгуудаас Өмнөговь улсын хэмжээнд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт иргэд I тунгаа 100 хувь хийлгэсэн, 30 гаруй хувь нь II тунгаа тариулжээ. Араас нь Дорноговь, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бол Баян-Өлгий, Увсын хувьд тээвэрлэлтийн явцаас хамаарч бага зэрэг удаашралтай байна.
ХОЁР ТУНГАА БҮРЭН АВСАН ИРГЭДЭД 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОВ
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг бүрэн хамруулж, идэвхжүүлэх зорилгоор вакцины хоёр тунг бүрэн авсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн нь энэ Засгийн газрын 100 хоногоор ард түмэндээ барьсан нэгэн бэлэг байв.
Засгийн газраас олгож буй энэхүү мөнгөн урамшуулал нь иргэдийн дархлаажуулалтыг дэмжих, хамралдалтыг идэвхжүүлэх үүднээс гадаадын цөөнгүй улсад авч хэрэгжүүлдэг нэгэн хөшүүрэг бөгөөд нөгөө талаар өрхийн амьжиргаагаар дамжуулан эдийн засгийг тэтгэх зорилготой шийдвэр гэдгийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллийнхээ үеэр онцолсон юм. Улсын хэмжээнд вакцинжуулалт харьцангуй сайн явагдаж буй ч халдварын эрсдэлийг цаг алдалгүй хумихын тулд нэг өдрийн өмнө ч болтугай вакциндаа хамрагдахыг уриалсаар байна.
12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДОЛДУГААР САРААС ВАКЦИНЖУУЛНА
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 9679 хүүхэд байгаа нь нийт 45 459 тохиолдлын 21.29 хувийг эзэлж буй. “Ковид-19”-ийн халдвар авсан олонх хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл маш хөнгөн өвчилж байгаа учраас энэ нь эргээд бусдад тараах эрсдэлтэй. Иймд улс орнууд хүүхдийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийг эрмэлзэж байна.
Тухайлбал, АНУ-ын Засгийн газраас “Pfiz¬er/BioNTech” компанийн бүтээсэн 12-15 насны хүүхдийн вакцинд тавдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор зөвшөөрөл олгосон. Тус улс нь өдгөө 16-гаас дээш насныханд “Пфайзер” вакцин тарьж байгаа юм. Учир нь энэ нь 16, 17 настнуудад тарьж болно гэсэн заалттай байдаг. “Pfizer/ BioNTech” компани вакцинаа 12-15 насны 2260 хүүхдэд туршсан бөгөөд халдвараас 100 хувь сэргийлж байгаа нь нотлогдсон тул Канад улс энэхүү вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн анхны улс болсон.
Манай улсын хувьд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахаар “Пфайзер”-ын үйлдвэрт нэг сая тун вакцины захиалга өгөөд байгаа бөгөөд хэлэлцээр амжилттай эцэслэгдвэл ирэх долдугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлнэ. Улсын хэмжээнд 12-17 насны нийт 350 орчим мянган хүүхэд байдаг.
БҮРЭН ДАРХЛАА ТОГТТОЛ СЭРЭМЖЭЭ БҮҮ АЛДААРАЙ
Вакцинжуулалт улс орон даяар амжилттай явагдаж байгаа ч иргэдийн зүгээс зайлшгүй анхаарах зүйл байгааг сануулъя. Вакцины эхний тунг хийлгэснээр хүний бие вирусийг дөнгөж таньж эхэлдэг тул халдвараас хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс вакцин хийлгээгүй хүний нэгэн адил халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтох учраас иргэд энэ хооронд сонор сэрэмжээ алдахгүй, болгоомжтой байх нь вакцинжуулалтыг илүү үр дүнтэй байлгах гол үндэс юм. Мөн цаашид халдварын тархалтыг хумихын тулд иргэн та бүрэн тунгаа хийлгэсэн байсан ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь зүйтэй.
Бэлтгэсэн: М.Оч