Хөл хорио, дархлаажуулалтын үр дүнд коронавирусээр халдварласан хүний тоо буурсан. Гэсэн ч эрсдэл бүрэн арилаагүй, тэр дундаа хүүхдүүд “Ковид-19”-өөр өвчлөх тохиолдол нэмэгдсэнийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нэг сарын өмнө халдвар авсан нийт хүний 18 хувийг хүүхэд эзэлжээ. Гэтэл өдгөө уг үзүүлэлт 21.1 болж өссөн байна. Тэр дундаа 5-14 настай хүүхдүүд халдвар авсан тохиолдол цөөнгүй аж. Манай улсын хүн амын 1.3 сая нь 0-18 насныхан бөгөөд тэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй. Тиймээс цаашид хүүхдүүд халдвар авах тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй гэнэ.
“Хүүхдүүд “Ковид-19”-өөр өвчилсөн ч шинж тэмдэг бараг илэрдэггүй. Өвчилснөө мэдэлгүйгээр бусдад халдвар тараах эрсдэл өндөр гэсэн үг. Гэхдээ хүүхэд хөнгөн өвчлөөд, дорхноо эдгэчихнэ гэж ойлгож болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй хүүхэд олон бий. Мөн коронавирус өргөн хүрээнд тархаж, халдвар авснаа мэдэлгүй хүндрүүлсэн тохиолдолд хүүхдийн биеийн байдал ч муудах эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэм сахиж, хүүхдэдээ өвчин дамжуулах эрсдэлээс сэргийлэх нь чухал” гэж Б.Буянтогтох хэллээ.
Олон улсад өдгөө “Пфайзер” вакциныг хүүхдүүдэд тарьж болох, эсэхийг судалж буй. Уг судалгааны үр дүнгээс хамаарч хүүхдүүдийг дархлаажуулах, эсэхийг шийднэ гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өмнө нь мэдээлж байв. Судалгааны үр дүн сайн гарвал 18- аас доош насныхан ирэх долдугаар сараас вакцин хийлгэх боломж бүрдэх аж. Үүнтэй холбоотойгоор манай улс “Пфайзер” компаниас 2.5 сая тун вакцин авахаар хэлэлцээр хийж буй гэнэ. Уг вакциныг өдгөө АНУ, Канадад 12-18 насныханд тарьж эхлээд байна.
Бэлтгэсэн: М.Оч