Коронавирустэй зэрэгцээд бас нэгэн аюул дэлхий нийтийг түгшээж эхэллээ. Тэр бол шувууны томуугийн А хүрээний вирусийн тархалт. Хоруу чанар өндөртэй ийм вирусээр хээрийн болон тэжээвэр шувуу өвчилсөн тохиолдол 2020 оны дөрөвдүгээр улирлаас хойш Ази, Европын зарим оронд цөөн тоогоор бүртгэгдсэн бол энэ оны гуравдугаар сараас тархалт эрс нэмэгджээ. Цаг агаар дулаарч, шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин бүхий газар, орнуудыг зорин нүүдэллэж эхэлсэн нь ийнхүү аюул дагуулав.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Шведэд 32, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутенг мужид 29, Нигерт 28, Афганистанд 22 мянга, Кувейтэд 200, Эстонид 78 шувуу өвчилсөн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнд тооцогдож байна. Томуугаар өвчилсөн зүйлийн дийлэнх буюу 95 хувийг тэжээвэр шувуу буюу тахиа эзэлсэн бөгөөд Англи, Украин, Лаост далайн хав (phoca vitulina), турамтай шонхор (falco vespertinus), улаан хөлт хөгчүү (tringa totanus) зэрэг хээрийн шувуу цөөн өртжээ. Нигерийн Кано мужид шувууны аж ахуй эрхэлдэг долоон хүн H5N1 вирусээр өвчилсөн бол Лаост таван настай хүүхэд, Шведэд ахимаг насны эр халдвар авчээ. Харин хээрийн шувуу томуугийн вирусээр хамгийн олноор өвчилж, үхсэн тохиолдол БНХАУ-д бүртгэгдэж, түүний дараа Орос жагсжээ. Тодруулбал, Хятадын Ляонин мужид өнгөрсөн сарын 9-нөөс хойш 291, Оросын Астраханьд 99 шувуу өвчлөв.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (AWFP)-ын мэдээллийн санд энэ тухай “Томуугийн A хүрээний H5N1, H5N5, H5N6, H5N8, H7N9 зэрэг хоруу чанар өндөртэй вирусийн тархалт дэлхий дахинд эрчимжиж байна. H5N5, H5N6 вирус ОХУ, БНХАУ-д бүртгэгдэж, олон тооны хээрийн шувуу үхлээ. Хятадын Ляонин мужийн Шэньян хотын Чангбайдао цэцэрлэгт хүрээлэнд дөрөвдүгээр сарын 9-нд томуугийн шинэ дэгдэлт бүртгэснээс хойш 291 хар хун (cygnus atratus) илрүүлж, 280-ийг нь устгасан. Оросын Астрахань мужид гуравдугаар сарын 31-нээс хойш H5N5 вирусийн шалтгаанаар 99 борцгор хотон (pelecanus cris¬pus) үхсэнийг тогтоосон” гэж тэмдэглэжээ. Энэхүү мэдээлэл шувуутай ойр ажилладаг болон ЗӨСҮТ-ийн тархвар судлаачид, мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хэн бүхний санааг ихээхэн чилээж байна. Учир нь манай улс шувууны томуугийн эрсдэл өндөртэй улаан бүсэд хэзээнээсээ тооцогдож ирсэн.
Дэлхийд шувууны нүүдлийн есөн гол зам байдгаас гурав нь Монгол орныг дайран өнгөрдөг. Манай улсад бүртгэлтэй 600 гаруй төрөл зүйлийн жигүүртний 80 хувь орчим нь нүүдлийнх буюу зөвхөн зусах, үржих зорилгоор дулааны улиралд энд ирдэг. Дийлэнх нь Онон, Улз, Хэрлэн, Халх гол, Буйр нуураас Оросын Тарь нуур, Амар мөрнийг даган Хятадын зүүн хойд хэсэг, По-Янг нуурт саатаад, цааш Хималайн нуруунд хүрдэг аж. Өөрөөр хэлбэл, Монгол, Орос, Хятадын нутаг дэвсгэр шувуудын нүүдлийн, шилжилт хөдөлгөөний нэгэн чухал коридор гэж ойлгож болно. Тиймээс сүүлийн жилүүдэд Монголын шувуу хамгаалах төв, улсын тусгай хамгаалалттай газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааныхан Бээжингийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран нүүдлийн болон эргийн шувуудын мониторинг судалгааг тууштай хийх болсон. Энэ бүхнээс үзэхэд, шувууны томуугийн аюул бидэнд дэндүү ойртжээ. Хятад, Оросод 400 орчим нүүдлийн шувуу үхсэн нь манай улсын аль нэг аймаг, сумд томуугийн тохиолдол бүртгэгдсэнээс ялгаагүй аюултай гэж судлаачид болгоомжилж байна. Малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд, эсвэл хүн амын дунд цар тахал тархсан үед тухайн голомт бүхий бүсэд хэсэгчлэн хөл хорио тогтоох зэрэг хариу арга хэмжээ авч, намжаах боломжтой бол нүүдлийн шувууд хил хязгааргүй зорчдог тул учруулах эрсдэл их, урьдчилан сэргийлэх арга зам нь хумигдмал. Тиймээс энэ талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд түгээх чиглэлд анхаарч ажиллахыг ЗӨСҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газраас аймгийн БОАЖГ болон Мал эмнэлгийн газар, тусгай хамгаалалттай бүсийн хамгаалалтын захиргааныханд зөвлөжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн “Энд тэнд үхсэн шувууны сэг зэм таарвал харьяа нутгийнхаа Мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг иргэдэд зөвлөе. Орон нутаг дахь байгууллагын мэргэжилтнүүдтэй өдөр тутам мэдээлэл солилцож, эргэх холбоотой ажиллаж буй. Одоогоор сэжигтэй дуудлага ирээгүй. Гэхдээ санаа амарч болохгүй. Аялал зугаалгын улирал, хөл хөдөлгөөний үе одоо л эхэлж байна. Шувууны сангас, хамрын шүүрэл, шүлсээр халдвар тархах нь элбэг. Түүнчлэн усны шувуудын дунд усаар дамжин вирус тархаж, гэдэсний халдвар үүсгэдгийг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон. Иймд иргэд хөдөө, ялангуяа нүүдлийн шувуу ихтэй гол, нуурын орчимд зорчихдоо сэрэмжтэй байх хэрэгтэй” гэв.
Нүүдлийн шувуу олноор цугладаг, халдварын эрсдэл өндөртэй бүсэд Дорнод аймгийн Чух, Хөх, Яхь, Буйр, Сүхбаатарын Ганга, Зэгст, Дуут, Архангайн Өгий, Дойт, Баянхонгорын Бөөнцагаан, Хөвсгөлийн Эрхэл, Сангийн далай, Булганы Хунт, Шарга, Завханы Тэлмэн, Хар, Увсын Увс, Ховдын Хар-Ус, Дөргөн, Баян-Өлгийн Хотон нуур багтаж байна. Урин дулааны улиралд эдгээр нуурт нүүдлийн 20 мянга орчим жигүүртэн ирдэг, дамжин өнгөрдөг гэнэ. Харин Зүүн өмнөд Ази, Австрали-Азийн нүүдлийн замын сүлжээ олон улсын байгууллагын мэдээллийн санд манай орны баруун бүс болох Баян-Өлгий, Ховд, Увс болон Хөвсгөл аймгийг шувууны томуугийн голомттой гэж тэмдэглэсэн байх аж. Шувуу судлаачид 2003, 2005 онд энэ аймгуудын нутаг дэвсгэрт олон улсын байгууллагатай хамтарсан судалгаа хийхдээ есөн зүйлийн 17 шувуунаас томуугийн H3N6, H4N6 вирус илрүүлсэн нь ийнхүү “хар данс”-нд үлджээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр шувууны томуугийн эрсдэлийн үнэлгээг Монголд хийжээ. Ингэхдээ баруун, зүүн, төвийн бүсийн 12 аймгийн нутагт орших 94 нуур, гурван голын 753 цэг (нүүдлийн шувууд нутагладаг)-ийг газрын зурагт тэмдэглэж, олон улсын тандалт, судалгааны сүлжээнд нэгтгэсэн аж. Нүүдлийн шувууд ирэх, буцах үеэр буюу жилд хоёр удаа холбогдох байгууллагын мэргэжилтнүүд эдгээр байршилд тандалт судалгаа хийдэг юм байна. Мөн Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын шувуу хамгаалах төв зэрэг төрийн бус байгууллагынхан эдгээр цэгт байнга хяналт шалгалт, хээрийн судалгаа хийж, шувуудын аюулгүй байдалд санаа тавьж иржээ. Харин коронавирусийн улмаас энэ чиглэлд ажилладаг төр, хувийн байгууллагуудын үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд таг зогссон учраас шувууны томуугийн нөхцөл байдал яг одоо Монголд ямар байгааг ул суурьтай судалсан газар, мэргэжилтэн нэгээхэн ч алга. Хил залгаа бүсээс халдвартай “зорчигч” хэдийн ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гагцхүү иргэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, мэдээлэлд чих тавьж, дор бүрнээ сэрэмжтэй байх нь л энэ төрлийн халдварын эрсдэлээс сэргийлэх оновчтой арга хэмжээ болох нь.