Коронавирусийн халдвар өвчнөөр 20-49 насны хүмүүс хамгийн их өртөж байна гэдгийг ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ. Тэрбээр, "Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3000-д хүрэх эрсдэл байсан. Харин одоо халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол 400 мянган өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байна. Ингэж халдвар ихээр бүртгэгдвэл маш хүнд болон хүндэвтэр хүний тоо нэмэгдэж, энэ хэрээр нас баралт өсөх аюултай. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах зайлшгүй хэрэгтэй. Мөн вакцин хийлгэсэн гэж тайвширч болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа 21 хоногийн дараа хүний биед дархлаа үүсэх юм. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөхгүй бол мөн адил халдвар авах эрсдэлтэй гэдгийг анхааруулж хэлмээр байна" гэв.