ОХУ-ын Татарстаны Казань хотод үргэлжилж буй Токиогийн олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 79 орны эрэгтэй, эмэгтэй 408 тамирчин зодоглож байна. Монголын жүдочид оролцохоор мэдүүлгээ өгсөн ч тэмцээн эхлэхийн өмнө нэрээ татаж, өнжихөөр боллоо. Манайхан Унгарын Будапештэд ирэх сарын 6-13-нд зохион байгуулах насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорихоор Хандгайт дахь амралтын баазад бэлтгэлээ базааж эхлэв. Зуны олимпын наадмын өмнөх томоохон сорил болох тус тэмцээнд тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Нямлхагва, дэлхийн аварга Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нарын удирдлагад оролцох юм. Энэ удаагийн бэлтгэл сургуулилалтын бүрэлдэхүүнд дасгалжуулагчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч нар багтжээ.