Энэ жилийн байдлаар цэцэрлэгт 247, ЕБС-д 680 мянган хүүхэд суралцаж буй. Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 онд үзэх хичээлийнхээ 45 орчим хувийг алсын зайнаас судалсан. Харин энэ онд нийт хичээлийн 60-68 хувийг теле болон цахимаар үзсэн байна. Ирэх долоо хоногоос цэцэрлэг болон ЕБС-ийн зуны амралт эхлэх тул БШУЯ-наас дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
- IX анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судална.
- XII ангийн сурагчид энэ сарын 14-нөөс давтлагад хамрагдана. Давтлагыг танхимаар эсвэл зайнаас орох эсэхийг УОК шийдвэрлэх юм байна.
- Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор энэ жил болох улсын болон анги дэвших шалгалтыг цуцалсан. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх аж.
- Эрт амарч байгаа учир хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-наас эхэлнэ. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэрэгт анхаарахыг албаныхан уриаллаа.