Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хугацаат цэргийн алба хаагчдын хүсэлтээр монгол бичиг, солонгос хэл, шатар, 100 буудалт даамны дугуйлангуудыг нэмэлтээр хичээллүүлж эхэлжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө бие даан хөгжүүлэхэд нь туслах зорилгоор англи хэл, уран зураг, гитарын дугуйланг хичээллүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд дээр дурдсан дугуйланг нээсэн байна.
МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байсан, байлдагч А.Төгөлдөр дугуйлангаа удирдахын зэрэгцээ бичиг үсэг сураагүй хугацаат цэргийн гурван алба хаагчид бичиг үсэг зааж буй.
Мөн илтгэх ур чадварыг сайжруулах, өөртөө итгэлтэй иргэн байхад нь туслах зорилгоор 7 хоног бүр хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл тавьж байгаа аж. Энэ долоо хоногт байлдагч Ө.Дөлгөөн “Ус чандмань эрдэнэ”, байлдагч М.Доржсамбуу “Эх орны хөгжил бидний гарт”, байлдагч А.Энхжин “Авто машин” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна.