Улс орон маань хүмүүжил, ёс суртахууны доголдолтой, боловсролгүй иргэдээр “хахах” болсон. Аль нэг дээд сургуулийн дипломтой хүнийг боловсролтой гэхэд учир дутагдалтай. Шат шатны зохих мэдлэг эзэмшсэн, бүх талаар хөгжиж, төлөвшсөн, нийгэмд эзлэх байр сууриа бусдаас хараат бишээр тодорхойлж чадсан хувь хүнийг л боловсролтой гэж үзэх болов уу.
Энэ оны эхээр нийслэлийн нэгэн дунд сургуулийн захирлаар бүхий л талаар, тэр дундаа боловсролын асуудал хариуцсан яамны шаардлагад нийцээгүй хүнийг дүүргийн Засаг дарга Төрийн албаны тухай хууль зөрчин байж томилжээ. Багш нар нь эсэргүүцсэний төлөө уг ажлыг зохион байгуулсан хэмээн сургалтын менежерийг ажлаас нь халчихаж.
Өдгөө бүхий л салбар, талбарт мэдлэг нимгэн, туршлага дутмаг, буруу, зөрүү ойлголт, бодолтой хэрнээ бүхнийг чадагчийн дүрд тоглох гэж зүдэрсэн хүмүүс амьдрахын төлөө эндээс ч, тэндээс ч цойлон шоволзож, улмаар бусармаг явдалтнуудын гар, хөл болох нь элбэг. Ийм “морь унасан толгойгүй хүмүүс” олшрох нь нийгэмд хортой. Тэд тэнгэрээс унаагүй, газраас ургаагүй, боловсролын бүхий л шатны байгууллага болон өнөөгийн нийгмийн бүтээгдэхүүн. Ялангуяа хүн байхын эхлэлийг тавьдаг ерөнхий боловсролын сургуульд сайн сургаж, хүмүүжүүлээгүйгээс охид, хөвгүүдийн олонх нь зохих түвшинд мэдлэг ололгүй, төлөвшиж ч чадалгүй их, дээд сургууль бараадах болсон нь үнэн. Дунд сургуульд сурагчдыг олигтой сургаж, хүмүүжүүлэхээ байсан нь олон шалтгаантай бөгөөд нэгийг нь дурдвал сургуулийн захирлыг тогтвортой ажиллуулдаггүй гажуудал гэж болно.
Сурагчдад ерөнхий боловсрол олгодог, амьдралынх нь гарааны 12 жилийг “авдаг” энэ шатны сургалтыг хариуцдаг байгууллагын удирдлага буюу захирал, сургалтын менежерийг тогтвортой ажиллуулж, түүний чадварыг бүрэн ашиглах нь багш нар ажлаа сайн хийхэд тустай баймаар. Ажилдаа сэтгэл ханамжтай багш нар мэдлэг, туршлага, заах арга ер юу байна, бүгдийг сурагчдадаа зориулах сэтгэлтэй ажиллана. Эсрэгээрээ захирлыг нь, эсвэл сургалтын менежерийг нь байн байн солиод байвал тэдний сэтгэл санаа долгилно. Наад зах нь хэрэгт дурлана, хэрүүл сонирхоно. Боловсролын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах багийн судалгаагаар 2012-2016 онд л гэхэд улсын хэмжээнд 600 гаруй удирдах ажилтныг ямар нэг шалтгаанаар сольжээ. Сургуулийн захирал, сургалтын менежерийг яагаад байсхийгээд солиод байдаг вэ. Сонирхолтой нь энэхүү гаж гэмээр уламжлалыг хуулиар хамгаалсан байдаг гээд хэлчихэд буруудахгүй.
Манай улсад боловсролтой холбоотой бүхий л асуудал, харилцааг 2002 оны тавдугаар сарын 3-нд баталж, түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Боловсролын тухай хуулийг суурь болгон зохицуулдаг. Хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах. Уг хуулийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилж ирсэн бөгөөд удалгүй аймаг, нийслэлийн Засаг дарга шийддэг болгон өөрчилсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн үг. Ийнхүү “зассан” хуулийг мөрдөн ажиллаж байтал 2018 онд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар буцаагаад хуучнаар нь байлгах нь зүйтэй хэмээн үзэж, улмаар хууль санаачлан, тухайн оны хоёрдугаар сарын 2-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьжээ. Ингээд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй юм. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний санаачилсан хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Н.Учрал гишүүн ажилласан юм билээ. Тухайн үед УИХ-ын гишүүдийн дунд яагаад заавал өөрчлөх гээд байгааг асуун, улмаар шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэхэд Х.Нямбаатар гишүүний “Эрх мэдэл хуваах асуудал дээр яагаад хойрго хандаад байна вэ” гэсэн асуултад хариулах хүн олдохгүй байсаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэдэг. Ийнхүү гишүүдийн олонхын дэмжлэгээр сум, дүүргийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдог болсон. Засаг дарга томилохдоо аймаг, нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэх зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Удирдлагуудыг чөлөөх бол үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэнэ.
Тэгвэл захирлуудыг яаж томилбол дээр вэ гэж үү. Тун амархан санагдана. Хуулиас улс төрийн ашиг хонжоо тээж буй зүйл, заалтуудыг авч хаях. Мөн сургууль удирдан авч явах чадвар бүхий, шалгарсан багш нараа хамт олон дундаасаа нэр дэвшүүлэн, санал хурааж, эс бөгөөс сонгон шалгаруулалт хийж сонгосныг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн түвшинд батламжлах нь эрүүл, шударга хэмээн харж байна.
Өдгөө ийм хуулиар уг харилцааг зохицуулах ахуй дор дөрвөн жилд 600 гаруй удирдах ажилтныг сольсны учир юу вэ. Энэ нь Засаг дарга нар тухайн цаг үед өөрт ашигтай хувилбарыг тулган хүлээлгэж, улмаар шийдэж ирсэнтэй холбоотой. Дээрээс буюу аймаг, нийслэл, тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс ирэх дарамтын ая эвийг олох болон сургууль орчмын газрын наймаа зэрэг аж ахуйн чиглэлийн аливаа санаархлаа биелүүлэх гэсэн хувийн эрх ашгийн үүднээс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хурууны үзүүрийн утсан хүүхэлдэй мэт ашиглаж ирсэн нь үнэн билээ. Өөртөө элсүүлэх гэсэн захирал, эрхлэгч нар өөр тийш харах хандлага ажиглагдах л юм бол үтэр түргэн, ямар нэг өө олж, далимдуулан чөлөөлж орхино. Захирал солигдмогц багш нар хямарч эхлэх бөгөөд тэр хэрээр сурагчид хохирдог “тогтолцоо” бий болсон. Ийнхүү хуулийн хүрээнд атлаа хувийн сонирхлоор захирлаар хэнийг томилох, чөлөөлөх нь тухайн сум, дүүргийн Засаг даргын үзэмжийн асуудал болон хувирсныг улстөрчид, аймаг, нийслэлийн боловсролын байгууллагынхан, сургуулиудын багш нар, эцэг, эхчүүд бүгд мэддэг болсон. Жишээ олон. Захаас нь дурдаж болох ч хувь хүмүүсийн хүсэлтийг харгалзан нэр, хаяггүйгээр бичих хэрэг гарч буй юм.
Энэ оны эхээр нийслэлийн нэгэн дунд сургуулийн захирлаар бүхий л талаар, тэр дундаа боловсролын асуудал хариуцсан яамны шаардлагад нийцээгүй хүнийг дүүргийн Засаг дарга Төрийн албаны тухай хууль зөрчин байж томилжээ. Багш нар нь эсэргүүцсэний төлөө уг ажлыг зохион байгуулсан хэмээн сургалтын менежерийг ажлаас нь халчихаж. Сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилж илгээсэн өнөөх хүнийг багш нарын хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас шалгаад энэ албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэсэн ч үргэлжлүүлэн ажиллаад байхаар нь багш нар олон нийтэд хандан мэдээлэл өгөх нь зүйтэй юм байна хэмээн үзээд, хэд хэдэн телевизийн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Тэгэхэд нь цагдаагийн байгууллагаас цар тахлын үед “үймээн самуун” үүсгэхийг санаархсан хэмээн сурган хүмүүжүүлэгчдийг буруушаажээ. Энэ явдалд сургалтын менежерийг голчлон буруутгасан бөгөөд өнөөх захирал ажлаас халах тушаал гаргасан юм билээ. Үүнээс хоёр хоногийн дараа түр захирал өөрөө халагдаж. Боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон жил удирдан залж явсан багш Засаг даргын томилгоо шударга бус байна хэмээн хэлснийхээ төлөө ажлаасаа халагдаад яваагаа “Хонгил гэдэг нь дээд түвшиндээ өргөн байдаг бол лав дунд сургуулийн орчинд нарийхан хэмжээтэй байдаг болсоор удсан. Би шүүхэд хандана. Олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ ингэж талаар болгуулахгүй. Сургалтын байгууллагынхаа үйл ажиллагааг доголдуулахгүй юм сан, багш нарынхаа сэтгэл хангалуун ажиллах орчин, нөхцөлийг алдагдуулахгүй, сурагчдын сурлагын чанарыг бууруулахгүй байх сан гэсэндээ үнэнийг хэлж, дуу хоолойгоо хүргэсний төлөө ингэж хохироох уу” хэмээн ярьсан. Тэрбээр “Шүүхийн байгууллага үнэн, мөнийг тогтоож, нэр төрийг минь сэргээх байх. Хэрвээ тэнд намайг буруутан хэмээн үзвэл Монгол Улсад иргэн нь чин шударгаар ажиллаж, амьдрах аргагүй болсон юм байна гэж үзнэ” хэмээсэн.
Нэрээ бичүүлэхийг хүсээгүй багш, нэгэн үе гадаадын хөрөнгө оруулалттай сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч ийн ярилаа. Одоогоос арваад жилийн өмнө аж. Дүүргийнхээ 10 гаруй сургуулийн хуучнаар бол хичээлийн эрхлэгч нарыг БНСУ-ын дунд сургуулиудтай танилцуулах аялалд авч явах боломж түүнд олдож л дээ. Тэгэхэд нь баярлаад хэд хэдэн сургуулийг сонгож, захирлуудад нь мэдээлэн, хичээлийн эрхлэгч нартаа дуулгаарай, виз мэдүүлэхэд бэлтгээрэй гэхэд тэр даруйд нэр бэлэн болж гэнэ. Баримт бичгүүдийг нь хартал лав гурван захирал сургуулийнхаа нягтлан, нярав гэх ажилтнуудын нэрийг өгсөн байхаар нь лавлахад захирлууд “Аргагүй юм болоод байна. Та аваад яваач” гэж гуйжээ. Баг бүрдэж, очих газраа хүрчээ. Гэтэл тэдэн дундаас хамгийн залуу, нэгэн сургуулийн 27 настай захирлыг солонгосчууд сонирхоод, үнэлж, хүндлээд, бэлэг хүртэл өгөөд сүйд байх юм гэнэ. Яагаад тэгж онцолсны учрыг асуухад “БНСУ-д ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар 35-аас дээш насны, шилдэг удирдагч болох нь тодорсон багшийг томилдог юм. Гэтэл танай энэ залуу захирал дөнгөж 27 настай юм байна. Магадгүй дүүрэг бүү хэл, нийслэл, улсынхаа хамгийн шилдэг боловсон хүчин байх” гэж хариулсан аж. Тэгэхэд урилгаар зочилж очсон сургалтын менежерүүд ихэд ичсэн гэнэ. Учир нь удирдах чадвар, туршлага гэх зүйлгүй залууг Засаг дарга нь томилоод удаагүй байсан бөгөөд энэ тухай дүүргийн сургуулиудаар багагүй яриа болсон үе ажээ.
Манай улс шиг боловсролын салбар дахь суурь, тулгуур байгууллага ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймаг, нийслэл ч байна уу, сум, дүүргийн Засаг дарга нар нь томилдог уруугаа харсан сав лугаа жишгийг төрийн хуульдаа хээвнэг суулгачихаад, багш нараа дарамталж, улмаар суралцагсдын эрх ашгийг алсуур хохироож байдаг улс хэд байдаг бол хэмээн өөрийн эрхгүй бодогдож байна.
Удахгүй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Дээд боловсрол олгодог сургуулийн багш нар ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гайгүйхэн хүүхэд орж ирээсэй хэмээн бараг залбирч суугаа тухай чих дэлсэв. Сүүлийн 30-аад жилд дунд сургуульд суралцагсад нас, насандаа эзэмшвэл зохих мэдлэгийг огтхон ч олж авахгүй байна, чанарын үзүүлэлтийг дээрээс доош уруудах муруйгаар тэмдэглэхээр болсон хэмээн халаглаж байна. Энэ ч гэсэн дунд сургуулиуд сургалтын үйл ажиллагааг чанарын зохих түвшинд явуулахгүй байгааг илтгэх бус уу. Үүнд захирлуудын зүй бус томилгоо хамгаас илүү хамаатай.
Тэгвэл захирлуудыг яаж томилбол дээр вэ гэж үү. Тун амархан санагдана. Хуулиас улс төрийн ашиг хонжоо тээж буй зүйл, заалтуудыг авч хаях. Мөн сургууль удирдан авч явах чадвар бүхий, шалгарсан багш нараа хамт олон дундаасаа нэр дэвшүүлэн, санал хурааж, эс бөгөөс сонгон шалгаруулалт хийж сонгосныг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн түвшинд батламжлах нь эрүүл, шударга хэмээн харж байна.
Дэвшүүлж буй уг саналыг нотлох мэт аргачлалыг дээр дурдсан түүхийг ярьж өгсөн багш хэлсэн юм. БНСУ-д дунд сургуулийн удирдлагуудыг яг энэ зарчмаар сонгодог аж. Сургуулийн багш нар олон үзүүлэлтээр авч үзээд, хамгийн сайн гэсэн таван багшийг нэр дэвшүүлэн, оноо өгдөг бөгөөд олонхын санал авсан багшийг захирлаар, дараагийнхыг нь сургалт хариуцсан менежерээр хамт олон өөрсдөө томилдог аж. Хэрвээ захирал ямар нэгэн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөх бол сургалтын менежер нь шууд дэвшин захирал болдог байна. Харин түүний оронд түрүүчийн сонгон шалгаруулалтаар гуравдугаарт бичигдсэн багш ажиллана. Хамт олон хэдийн хүлээн зөвшөөрсөн удирдах ажилтан тул аль алины тухайд маргаан байхгүй. Ийм ардчилсан бөгөөд шударга зарчмаар удирдлагуудаа өөрсдөө томилсон багш нар ажилдаа сэтгэл хангалуун байхаас яах билээ.
Мөн дээр дурдсан, мэдээлэл өгсөн сургалтын менежер “Сургуулийн захирлын албат тушаал улс төрийн томилгоо болоод удсан шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн байгууллага гэхээс илүүтэй улс төрийнх гэж хардаг болсон нь харамсалтай” гэсэн юм. Манай улсын өнөөгийн боловсролын систем дэх магадгүй суурь гажуудал энд байгааг хаана хаанаа хүлээн зөвшөөрч, цаг алдалгүй засаж залруулах биз ээ.