“Монгол ньюс” группээс эрхлэн гаргадаг “UB Post” сонин өнөөдөр 25 нас хүрлээ. Англи хэлээрх анхны, хувийн, чөлөөт уг сонин 1996 оны энэ өдөр анхны дугаараа гаргасан юм. Энэ хугацаанд уншигчидтайгаа 2303 дугаараар “уулзан”, эх орондоо өрнөж байгаа үйл явдлын мэдээ мэдээллийг Монголд болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй англи хэлтнүүдэд цаг тухайд нь хүргээд байна.
2004 оны есдүгээр сарын 23-наас хэвлэлийн шинэ технологи нэвтрүүлэн, “UB Post” сониноо өнгөтөөр хэвлэж эхэлжээ. Эхэндээ долоо хоног тутам дөрвөн нүүрээр, 2009 оны дөрөвдүгээр сараас долоо хоногт хоёр удаа хэвлэдэг болсноор мэдээллийн багтаамж, хурдыг сайжруулсан юм. Улмаар 2011 оны арваннэгдүгээр сараас долоо хоногт гурван удаа уншигчидтайгаа “уулзаж” байна. Ингэснээр англи хэлээрх хэвлэлүүдээс хамгийн олон давтамжтайгаар уншигчдад хүрдэг анхны сонин болов.
Монголыг гадаад ертөнцтэй холбох гүүр болсон “UB Post” өдгөө АНУ, Англи, ОХУ, ХБНГУ, Япон, БНХАУ, БНСУ, Швед, Швейцар, Норвег зэрэг 40 гаруй оронд хэдийн байнгын уншигч, захиалагчтай болж, цаасан хэвлэлээс гадна орчин үеийн технологид нийцсэн онлайн сонин, цахим хуудсаараа дамжуулан бүх салбарын мэдээллийг шуурхай түгээж буй билээ. Мөн 2014 оноос эхлэн АНУ, Австрали, Англи зэрэг орноос сэтгүүл зүйн мэргэжилтнүүд хүлээн авч, харилцан туршлага солилцон, сэтгүүлчдээ дадлагажуулж, сониныхоо бүтэц, агуулгыг шинэчлэхийн зэрэгцээ гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна.
Англи хэлээр эрхлэн гаргадаг хэвлэлүүдээс анхдагч гэж тодорхойлж болох олон шинэчлэлийг “UB Post” Монголд түүчээлсэн билээ. Цахим хуудастай болсон, онлайнаар захиалга авсан, өнгөтөөр хэвлэгдсэн, нарийн форматад шилжсэн зэргийг энд дурдаж болно. Тухайлбал, 2001 онд www.theubposts.mn вэб сайтаа нээж, мэдээ мэдээллээ олон улсад цахимаар түгээх боломж бүрдүүлсэн. Цаашлаад 2009 оноос сониноо цахим хувилбарт шилжүүлснээр дэлхийн хаанаас ч захиалан унших боломж нээгдэв. Бид сониноо 2016 онд “PressReader” платформд байршуулснаар дэлхийн хэвлэлийн зах зээлд “томчууд”-тай мөр зэрэгцэн мэдээллээ дамжуулсаар байна. Үүнээс гадна гар утас болон таблетаар унших боломж бүрдүүлэн, цахим хувилбараа олон сонголттой болгосон.
2004 оны есдүгээр сарын 23-наас хэвлэлийн шинэ технологи нэвтрүүлэн, “UB Post” сониноо өнгөтөөр хэвлэж эхэлжээ. Эхэндээ долоо хоног тутам дөрвөн нүүрээр, 2009 оны дөрөвдүгээр сараас долоо хоногт хоёр удаа хэвлэдэг болсноор мэдээллийн багтаамж, хурдыг сайжруулсан юм. Улмаар 2011 оны арваннэгдүгээр сараас долоо хоногт гурван удаа уншигчидтайгаа “уулзаж” байна. Ингэснээр англи хэлээрх хэвлэлүүдээс хамгийн олон давтамжтайгаар уншигчдад хүрдэг анхны сонин болов. “UB Post” сонины хамт олон, мөн ажиллаж байсан сэтгүүлчид болон уншигчдадаа 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.