Нийгмийн эерэг өөрчлөлтийг бүтээгч оюутан, залуусыг дэмжих “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг АПУ компаниас зарлалаа. Тодруулбал тус компани 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 оюутанд тэтгэлэгт олгох аж. АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй. Нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх маш энгийн шалгуурыг чухалчилжээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол материалаа 2021 оны тавдугаар сарын 31-наас өмнө өгөөрэй. Холбогдох материалыг https://bit.ly/2R8VMKG холбоос ашиглан илгээрэй.