Долоодугаар сар гэхэд манай улсын хүн амын 60 орчим хувь вакцинжуулалтад хамрагдах юм. Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй. Тиймээс Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийг вакцинд хамруулах санал гаргалаа. Тодруулбал "дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогдсон. Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж, сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Тиймээс вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай" гэх саналыг холбогдох газруудад хүргүүлжээ.