МУИС-ийн багш “физикийн анги хаагдах гэж байгаа” гэх утгатай постыг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.
Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Д.Заяабаатараас тодруулахад “Манай сургуульд жил бүр физикч, физикийн багш гэх хоёр мэргэжлээр элсэлт авдаг. Өнгөрсөн жил физикийн багшийн ангид хоёр хүүхэд элсэх хүсэлт өгсөн. Таваас доош оюутан тус хөтөлбөрт элсэх хүсэлт гаргасан бол хөтөлбөрийг өнжөөдөг юм. Энэ нь хаасан гэсэн үг биш. Физикийн тэнхимийн сургалт хэвийн үргэлжилж байгаа. Одоогоор физик хөтөлбөрт 1-4 түвшний 53, физикийн багш хөтөлбөрт 13 идэвхтэй оюутан бий. Цаашдаа ч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Харин энэ салбарыг хэрхэн хөгжүүлж, хэвийн байдалд оруулах талаар бид судалж буй” гэлээ.
Өмнө нь тус сургуулийн суурь шинжлэх ухааны салбарт суралцах сурагчдын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан. Энэ жилээс элсэгч ЭЕШ-дээ 700-с дээш оноо авбал суурь шинжлэх ухаан буюу хими, биологи, физик, газарзүй, математикийн ангид 100 хувь үнэгүй сургахаар болсон байна. Цаашдаа оюутны голч оноо нь 3.2-с дээш байх юм бол үргэлжлүүлэн үнэ төлбөргүй сурах аж. Харин ЭЕШ-д 650-с дээш оноо авсан элсэгчдийн сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлнө хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад Д.Заяабаатар MNB телевизийн “Өнөөдрийн зочин” нэвтрүүлэгт оролцохдоо “МУИС байгаа цагт суурь шинжлэх ухааны салбар устахгүй. Энэ салбарыг хөгжүүлэх гэж үе үеийн эрдэмтэн, багш нар хичээн ажиллаж буй. Цаашдаа ч хичээх болно” гэдгээ илэрхийлсэн юм.