Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар өнөөдөр хянан хэлэлцлээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг УИХ-аас дангаар томилохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тусгасан. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.
Иймд Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан Шүүхийн тухай хуулийн өөр зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг дэмжвэл энэ эцсийн шийдвэр байх болно. Харин УИХ Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэц уг асуудлыг дахин Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх учиртай.