ШУТИС-ийн хичээлийн IV байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих гэнэ. Ингэхдээ тус сургуулийн 200 гаруй багш, 2000 гаруй оюутан, сурагчийн ажлын байр, сурах орчныг хааш нь шилжүүлэх нь тодорхойгүй байна. Гэвч шинэ барилгад Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийнхөн орно гэх мэдээлэл хэдийн тараад байна. Техникийн нөхцөлийн онлайн программд нэрийг нь байршуулсан Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төв гэх байгууллагаа захиалагч БШУ-ны яамныхан ч мэдэхгүй байгаа нь хачирхалтай.
Боловсрол, шинжлэх ухааны яам болон ШУТИС-ийн удирдлага дээрх барилгыг шинээр барихдаа ямар байгууллагыг оруулах тухай албан ёсны шийдвэр гараагүй гэж байгаа ч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д барилгыг буулгах, барихтай холбоотой дулааны сүлжээний асуудалд зөвшөөрөл авахдаа Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв гэх шинэ нэр зохиож олсон бололтой юм. Угаас шинэ барилгадаа өөр байгууллага оруулахыг тус сургуулийн багш, ажилчин, оюутан, төгсөгчид эсэргүүцэж буй.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ажлаа авсныхаа дараахан “Газраасаа зарсан төрийн өмчийн сургуулиудын захирлыг шууд хална” хэмээн мэдэгдсэн. Улмаар энэ оны гуравдугаар сарын 15-нд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Үйлдвэрлэлийн технологийн сургууль эрсдэлтэй байранд үйл ажиллагаа явуулж байгаа учир ШУТИС-ийн Удирдах зөвлөл арга хэмжээ ав гэдэг албан бичиг хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ бүхний ард БШУ-ы дэд сайд, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Ганбаяр байгаа гэнэ. Тодруулбал, түүнийг ШУТИС-ийн өмч хамгаалах комисс, захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, ажлын хэсгийн санал, УЗ-ийн бусад гишүүдийн саналыг үл харгалзан ШУТИС-ийн хичээлийн IV байрыг нурааж газар чөлөөлөх шийдвэр гаргасныг тус сургуулийн багш, ажилтнууд хэлж байна.
Тус сургуулийн барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд дүгнэсэн.
Тус барилга нь 1951 онд хятад сургуулийн дотуур байраар ашиглалтад орж, 1961 оноос Монголын анхны хөнгөн үйлдвэрлэлийн салбар сургууль энэ байранд хичээллэж эхэлж. Улмаар 1998 он хүртэл ШУТИС-ийн дотуур байраар ажиглаж байгаад түүнээс хойш Үйлдвэрлэлийн технологийн сургууль энд байрлаж байна. Биотехнологи, шим тэжээл, дизайн, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэл, хүнсний инженерчлэл гэсэн салбаруудтай уг сургууль ийнхүү улстөрч, эрх мэдэлтэй хүмүүсийн гараар орж, зүй бусаар устахад ойрхон болоод байна.