Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдсан асуудалтай танилцах цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог боловсролын системд нэвтрүүлэх ажлын хүрээнд дараах асуудлуудыг анхаарч ажиллах чиглэл өглөө. Үүнд:
- ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулах, даалгаврын санг хөгжүүлэх, ЭЕШ-ыг онлайнаар авах боломж зэргийг судлах.
- Үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ухаалаг тайлангийн (BI)-ийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх.
- ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх.
- Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлэх
- Англи хэлний хэрэглээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ЭЕШ-ын хичээл сонголтод Англи хэлний ОУ-ын шалгалтыг оруулах боломжийг бүрдүүлэх.
- Боловсролын үнэлгээний төвийн дэргэд ОУ-ын шалгалтын төв байгуулах эрх авах.
- БШУЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг сайжруулахад ажлын хэсэг байгуулах.
- Боловсролын үнэлгээний төвийн байрны асуудал болон мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг үүрэг даалгаварыг албаныханд өглөө.