Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар олон нийттэй “хэрэлдэж” ханав уу, үгүй юү залгуулаад УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэгийн санаачилсан, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олныг бухимдуулав. Тэрбээр гадаадын шилдэг их сургууль төгссөн л бол өнөө мөрдөж буй хуульд заасанчлан шалгалт өгөлгүй төрийн албанд шууд ажиллаж болно гэж үзэж буйгаа хуульчлуулахаар зүтгэх нь. Сайд асан хар толгойгоороо хариуцаж санаачлав уу, санаа нийлсэн дарга нар түүнийг дээхнэ үеийнхний сул яриагаар хүүхэлдэй болгон баадуудаад тавьчихав уу гэдэг нь удахгүй тодрох биз. Энэ тухай дэлгэрүүлэхийн өмнө Шадар сайдын “адал явдал”- ын сүүлийг мушгих нь зүйтэй болов уу.
Улс орон даяар хөл хорио тогтоосон үед тэрбээр үүрэгт ажилдаа анхаарч, дархлаажуулалтыг эмх замбараатай зохион байгуулах тактик боловсруулж суумаар. Гэтэл дээр дурдсан сантай холбоотойгоор өөрийгөө зөвтгөх гэж оролдон хэдэн өдрийг барсан гэхэд хилсдэхгүй. Энэ ташрамд, хүүд нь буруу байхгүйг хэлэх хэрэгтэй. Тэрбээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн субъектийн 2018-2019 он дамнуулан гаргасан эрэмбээр дэлхийн болон Британийн шилдэг их сургуулиудын жагсаалтын аль алинд нь 44-т эрэмбэлэгдсэн Бристолын их сургуульд өнгөрсөн онд өөрийн хүчээр тэнцсэн юм байна. Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгох хоёр төрлийн журамд зааснаар гадаадын сургалтын байгууллага, мөн дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн бол нотлох баримтыг үндэслэн хянаж үзээд, шаардлага хангасанд нь зээл олгодог аж.
Сургалтын зээл олгодог хоёр төрлийн журам байдаг гэдэгт анхаарлаа хандуулъя. Шадар сайдын “адал явдал”-ын үеэр Боловсролын зээлийн сангаас фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулж тайлбар өгсөн. Ингэхдээ “Тус сантай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд газар авч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тайлбар хийх шаардлага гарлаа. 2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан бөгөөд тэдний 59 нь 3-4 шатны шалгуур хангаж зээлд хамрагдсан. Засгийн газар 2012 онд Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам баталсан. Үүнд Засгийн газар 2020 онд гаргасан 70 дугаар тогтоолоороо нэмэлт, өөрчлөлт оруулж хэд хэдэн заалтыг шинэчилсэн юм. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг. Харин 2013 оны наймдугаар сарын 19-нд баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулъя. 2021 онд Боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлаагүй. А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцсэн тул зээлийн эрх нээгдсэн. Цар тахлын улмаас тухайн онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилтийг 2021 онд хийсэн болно. Нэмэлт мэдээлэл өгөхөд, дэлхийн шилдэг сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Тэднийг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эсээ болон ярилцлагын шалгалт авдаг. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог” гэсэн байлаа. Тайлбарт найруулгын алдаа мэр сэр гэхээргүй байсныг залруулж бичив. Утга, баримтыг хөндсөнгүй.
Эндээс харахад, Шадар сайдын хүү зохих журмын дагуу төрөөс сургалтын зээл авах болзол хангаж, улмаар авсан гэж ойлгохоор. Гэтэл аав нь хууль зөрчөөгүй, үйл явдал журмын хүрээнд өрнөсөн гэдгийг нүүр бардам хэлээд, үндсэн ажилдаа анхаарахын оронд элдэв “жүжиг тоглон”, яагаад эгдүүцэв гэдэг асуулт гарч ирнэ. Эцэст нь, С.Амарсайхан дарга хүүхдийнхээ сургалтын төлбөрийн мөнгийг уг санд буцааж төлсөн гэж ойлгогдсон. Гэхдээ үнэхээр хүү дүрмийн дагуу төрөөс сургалтын зээл авсан бол эцэг нь яагаад мөнгийг эргүүлэн өгөх ёстой гэж. Түүнчлэн нөхцөл байдлыг аятайхан тайлбарлахын оронд “Та нар хэн юм бэ” гэх лүгээ адил иргэдтэй сөргөөцөлдсөн нь ёс зүйгүй, дээрэнгүй хандлагатай байв. Тэгээд ч түүний өмнөөс Боловсролын зээлийн сангийнхан тайлбарласны учир юу вэ. Тэд Шадар сайдын “дохиураар” хөдөлсөн үү.
Аав, хүү хоёрын энэ явдлын далимаар сургалтын зээл олгодог асуудлаар ил тод мэт атлаа нууц юм шиг, нөөц хөрөнгийн зориулалтаар бий болгосон суваг байгаа нь илрэв биш үү. Гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнуудад төрөөс зээл олгох, жилийн зайтай гаргасан хоёр журам байдгийг хүмүүс хэр мэддэг бол. Боловсролын зээлийн сангийнхны тайлбарласнаас харахад хоёр дахь буюу 2013 онд баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам илүүц, нөөц шинж чанартай, басхүү нууц ч гэмээр аж. Энэ шугамаар хэдэн оюутан хаашаа явсан бэ, сурсан уу, төгссөн үү, ажилласан уу. Зээлээ эргүүлэн төлсөн үү. Саяхан Д.Бум-Очир доктор зээлээ төлсөн тухайгаа мэдэгдсэн. Түүн шиг хэдэн төгсөгч мөнгийг зохих ёсоор төрийн дансанд хийсэн бол.
Дарга нар, өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд хүүхдээ амар хялбар аргаар, ард түмний хараа, хяналтаас далдуур, төрийн хөрөнгийг сэм ашиглаж, гадаадын их сургуульд илгээх гэж Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам гээчийг нөгөөхтэй нь зэрэгцүүлэн гаргуулж, найман жил хувьдаа хэрэглэсэн нь багадаад, одоо бүр энэ атгаг санаагаа хуульчлуулахаар зэхжээ гэлтэй. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэхийг санаархаж буй юм.
Түүний боловсруулсан хуулийн төслийн 23.7-д “Энэ хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэдэг өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд оруулахыг тусгасан байна.
Одоо мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 23.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалд томилогдох хүнд дараах шаардлага тавигддаг. Үүнд 23.2.1-т тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заасан. Мөн 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж ойлгомжтой заасан.
Хэрвээ Ё.Баатарбилэг гишүүний боловсруулсан хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн хүн төрийн захиргааны албан тушаалд ажилласан жил харгалзахгүйгээр томилогддог болох аж. Түүний энэ санаархал, үйлдлээр манай улсын эрх мэдэлтнүүдийн бүлэг, бүлэглэл аль 2013 оноос сургалтын төрийн сан гээчийг тонон дээрэмдээд эхэлсэн нь илт бус уу. Энэ замнал ЖДҮ-ийг дэмжих санг үрэн таран болгосноос юугаар ялгаатай гэж. Хоёр санг адилтган хөврүүлэхийн наана Ё.Баатарбилэгийн санаачилсан хууль гээчийг яагаад дэмжиж, баталж болохгүй вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлье.
Эрхэм гишүүн ба түүний хань хамсаатнууд ийм хууль байж болно хэмээн санаачилснаараа Монголынхоо боловсролыг үгүйсгэж, үнэгүйдүүлж байна. Залуусыг, иргэдээ гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөнөөр нь ялгаварлаж, тэгш бус байдал үүсгэх нь. Өнөө ил буй боловсролын тэгш бус байдлыг гааруулах нь. Энэ нь хүний эрхийн ч, Үндсэн хуулийн ч зөрчил болохыг хуульчид төвөггүй нотлох байх. Нийгэмд хэдийн ил болсон өнгө, мөнгөний хэр хэмжээнд суурилсан ялгавар, гадуурхлыг улам дэвэргэж, хуулийн хүрээнд баталгаажуулах нь. УИХ-ын гишүүд бол хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлөн ажиллахаар очсон, олон нийтийн төлөөлөгчид тул тэд сонгогчдынхоо, улмаар ард түмний эрх ашигт нийцсэн хууль санаачлах ёстой. Ийм замаар тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оюун ухаанаа уралдуулах үүрэгтэй болохоос биш хувийн эрх ашиг, эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан зохион байгуулахад хүч, энергиэ үрэх ёсгүй билээ. Энэ үүднээс авч үзэхэд УИХ-ын гишүүд, улстөрчид гадаадын шилдэг их сургууль төгсөн, өндөр боловсрол эзэмшсэн залууст сурч мэдсэнээ өөртөө болон өрөөлд зориулах боломж олгох орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Төрийн элдэв дарамтгүй, зээлийн уян хатан нөхцөл, бизнесийн эрүүл орчныг бий болгоход л хангалттай. Залуус, мэргэжилтнүүд юу хийхээ мэднэ. Гэтэл Ё.Баатарбилэг гишүүн ийм явуургүй хууль санаачилснаар улстөрчид дотоодын их сургуулиуд чанаргүй гэж үздэгчлэн Монголд хувийн хэвшилд ажиллах боломж өчүүхэн ч байхгүй гэж хэлж буйгаас ялгаагүй. Мөн сайд асан уг хуулийг санаачилснаараа бүхэл бүтэн түүхэн замналтай, үүрэгтэй, хуультай төрийн албыг, зарчмыг үгүйсгэж байна. Төрийн албанд ажиллах хүнд зөвхөн гадаадын шилдэг их сургууль төгссөн байх нь хангалттай гэсэн ганцхан шалгуур тавих уу. Төрийн ажлын туршлага, харилцаа, хандлага, ёс суртахууныг яах вэ. Ямар том эндүүрэл вэ.
“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж эрхлэгч УИХ-ын гишүүдийн яг ийм ухаан дутуу, увайгүй байдлыг үзэн ядахдаа 2006 онд “76 мангуу” гэдэг сэдвийн хүрээнд цуврал нийтлэл бичүүлсэн түүх бий. Эрхлэгч өдгөө амьд сэрүүн сэн бол “76 мулгуу” хэмээх тодотгол бүхий цуврал эхлүүлэх байсан биз ээ. Түүний бий болгосон сэтгүүл зүйн дэг сургууль өнөө хэр бат бөх тул нийтийн эрх ашгийн эсрэг ган гэж зөрүү дуугарсан хэний ч санаархлыг таслан зогсоох чадал мэргэжлийн сэтгүүлчдэд бий.
Гадаадын шилдэг их сургуулиудад эгэл ардын хүүхдүүд суралцаж чадахгүйдээ биш, гагцхүү сургалтын зээлийг тан шиг, таны хань хамсаатнууд шиг этгээдүүд урдуур нь орж булаагаад байдагт учир нь бий. Дотоодын их сургуулиудаа гадаадынхны түвшинд хүртэл чадавхжуулж, бэхжүүлэх бодлого боловсруулахад цаг, хүчээ шавхаж суух атал ийм мунхаг үйлдэл хийх нь БСШУС-ын сайдаар хэсэг хугацаанд ажилласан хүний хувьд том алдаа, хариуцлага хүлээх үндэслэл биш гэж үү.