Монгол залуучууд олон улсын дата шинжилгээний олимпиадад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарчээ. Тодруулбал, Монголын дата шинжилгээний багийн гишүүн БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, “Simple” аппликейшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, “МИГ” даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар өгөгдлийн ухаан, хиймэл оюун, машин сургалтын арга хэрэгсэл ашиглан, бодит байдалд хамгийн ойр, нийцтэй загвар хөгжүүлж Энэтхэг, Орос, Герман, АНУ, Франц зэрэг улсын 648 багтай өрсөлдөн, шилдэг 30 багийн нэгээр шалгарсан байна. Мөн сүүлийн шатанд 36 цагийн турш даалгавар гүйцэтгэж, тавдугаар байрт шалгарчээ. Монголоос анх удаа финалд үлдсэн эдгээр залуус өнгөрсөн жил тус тэмцээнд оролцож байсан бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилтаа ахиулжээ.