Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” аудитыг БШУЯ, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, төрийн болон хувийн өмчийн сургуулиудыг хамруулж гүйцэтгэжээ. Аудитын дүнд дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна. Үүнд:
- Боловсролын хууль тогтоомж, сургалтын үйл ажиллагааг цогц байдлаар зохицуулаагүй
- Эрх зүйн орчин өнөөгийн шаардлагад бүрэн нийцээгүй, харилцан уялдаагүй байна
- Засгийн газар нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2016 оноос хойш шинэчлээгүйгээс төсвийн төлөвлөлт, хуваарилалт бодитой бус,
- Салбарын яамны зүгээс тусгай зориулалтын шилжүүлгийн гүйцэтгэлд хяналт хэрэгжүүлдэггүй
- Санхүүжилтийн үр ашгийг сурагчдын гүйцэтгэл, сургалтын чанартай уялдуулан тооцож, дүгнэх тогтолцоо бүрдээгүй байна хэмээн дүгнэжээ. Тиймээс салбарын хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ шаардлага, судалгаа тооцоололд үндэслэж оновчтой төлөвлөх шаардлагатай хэмээх зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлсэн гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ