“Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй аж. Үүнийг өдгөө дэлхийн 60 гаруй орны 130 сая гаруй хүн ашиглаж буй. Тиймээс Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр ашиглах боломжийг “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.
COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх юм. Мөн коронавирусийн халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино гэж албаныхан мэдээллээ. Энэхүү системийг иргэд ирэх даваа гарагт буюу 4-р сарын 19-өөс ашиглах боломжтой болох юм.