Монгол Улсын иргэн 18 үндсэн эрхийг эдлэх тухай хуульд заасан байдаг. Үүний нэг нь боловсрол эзэмшиж, насан туршдаа суралцах юм. 2030 он гэхэд одоогийн байгаа ажил, мэргэжлийн 40 орчим хувь нь устана гэх тооцоо бий. Тиймээс иргэдэд үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийн тулд эрэлт, хэрэгцээндээ уялдуулж мэргэжлийн хүчин бэлдэх системд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж албаныхан мэдээллээ. Тодруулбал, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар" зөвлөлдөх цахим уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бид цаашдаа боловсролыг хувь хүний чадварт суурилж эзэмшүүлнэ. Мөн иргэнийг насан туршид нь суралцах нөхцөлийг бүрдүүлэх байдлаар боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлагатай. Иргэдийн чадамжийг сайжруулахын тулд мэдлэг, чадвар, төлөвшил гэх гурван үнэт зүйлд тулгуурласан тогтолцоог бий болгох хэрэгтэй” гэжээ.