Цахимаар хичээллэж эхэлснээс хойш багш, эцэг, эхчүүд болон сурагчдын ачаалал нэмэгдсэнийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс теле хичээл 7 хоногийн 5 өдөр, 2-4 цаг ордог байсныг 7 хоногийн 4 өдөр, 1-3 цаг хичээллэх горимд шилжүүллээ. Орон нутгийн сурагчид танхимаар хичээллэж эхэлсэн бөгөөд төгсөх ангийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоо нөхөж, давтлага авч буй. Харин нийслэлийн төгсөх ангийн сурагчдад энэ сарын 25-с хойш хөл хорио тавигдахаар танхимаар давтлага өгч эхлэх юм байна. Мөн их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнуудад дадлага хийх боломжтой болно гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд 40 000 хүүхэд ЭЕШ өгнө гэх урьдчилсан тооцоо бий. Цахилгаан, интенернэт байхгүйн улмаас хичээлээ бүрэн үзэж чадаагүй ЕБ-ын 178 000 сурагч бий. Бид хамгийн түрүүнд эдгээр хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахаар анхаарч ажиллах бөгөөд үүнд 2-3 жил үргэлжлэх бодлого хэрэгжүүлнэ” гэв.