ДХИС-ын Цагдаагийн сургууль ЦЕГ-ын захиалгаар бакалаврын сонсогч, суралцагчдыг өдөр болон эчнээ хэлбэрээр элсүүлэн суралцуулах хяналтын тоог тогтоодог. 2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжлээр дөрвөн жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт хөтөлбөрт 165 эрэгтэйг сургахаар захиалжээ. Мөн хоёр жилийн сургалттай хөтөлбөрт дээд боловсролтой 175 эрэгтэйг авна. Мөрдөх алба-эрх зүйн чиглэлээр дөрвөн жилийн сургалттай хөтөлбөрт 55 эрэгтэй, Аюулгүй байдал-дотоодын цэргийн дөрвөн жилийн сургалттай хөтөлбөрт 25 эрэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах захиалга ирүүлжээ. Уг хяналтын тоог баримтлан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны А/28 дугаар тушаалаар элсүүлэн суралцуулах хяналтын тооны хязгаарыг баталсан байна.
2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хяналтын тооны захиалгад эмэгтэйчүүдийг авах захиалга ирүүлээгүй гэнэ. Тиймээс энэ жил Цагдаагийн сургууль эмэгтэйчүүдийг элсүүлэн суралцуулахгүй.
Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох сургалтын зардлыг төр хариуцахаар заасан тул ДХИС-ын бакалаврын түвшний сургалтууд төлбөргүй юм байна. Харин элсэгч нь элсэлтийн журмын 11.1-т заасан эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, гэнэтийн ослын даатгалын төлбөр, цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал, гадаад хэлний хөтөлбөрийн сургалтын төлбөр, сургалтын программын ашиглалтын төлбөрийг өөрөө хариуцна.