Манай цагдаа, прокурорын байгууллагынхан бусад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажилласны дүнд олон улс дамжуулан мансууруулах бодис зөөдөг байсан Монгол Улсын иргэн, түүний эхнэрийн оршин суугаа газрыг тогтоон саатуулаад байгаа. Тодруулбал, Испани улсын хууль сахиулагчидтай хамтран Анужин гэх залууг эхнэрийнх нь хамт саатуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Түүнийг шилжүүлэн авах санал тавьсан боловч Анужин Испанийн иргэн болох хүсэлт гаргаснаар эх орон руу нь буцаах асуудлыг түдгэлзүүлээд байгаа юм. Харин тус улсын хууль сахиулах байгууллагынхан түүний эхнэр Одцацралыг манай талд хүлээлгэн өгчээ. Улмаар Барселоноос Франц, Солонгосоор дамжуулан Улаанбаатарт авчирч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй гэнэ.
Анужин, Одцацрал нарыг Испаниас эх орон руугаа хар тамхи илгээж байсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө олон улсын шуудан илгээмжээр гашиш хэмээх мансууруулах бодис бүхий илгээмжийг удаа дараа тодорхой хүлээн авагч руу явуулсан юм. Түүнийг нь ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас хүмүүс хүлээн авч байв. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудын явуулсан удаа дараагийн тусгай ажиллагааны дүнд нэг бус хүлээн авагчийг нь тогтоон байцаагаад Анужин, Одцацрал нар хилийн чанадаас хууль бус бараа илгээж буйг нь баталгаажуулсан байдаг. Ингээд өнгөрсөн жил Испанийн талд прокурорын байгууллагын шугамаар дээрх хүмүүсийг олж тогтоох хүсэлт хүргүүлснээр эх орон руугаа мансууруулах бодис илгээдэг гэр бүлийн хоёрыг саатуулсан юм.
Өдгөө Анужин, Одцацрал нарын илгээсэн мансууруулах бодисыг хүлээн авч, бусдад борлуулахыг завдсан хүмүүст холбогдох үйлдлийг нь шалгаж дуусаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр болоод буйг эх сурвалжууд хэлэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа