Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж буй тул “Ривер гарден”, “Хан хиллс”, “Кинг тауэр” хотхоны төлөөлөл хийгээд барилгын зарим компанийн төлөөлөлтэй уулзжээ. Улмаар хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эко констракшн”-ы газарт 960 хүүхдийн хүчин чадалтай хоёр улсын сургууль, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Мөн гарцыг тав болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үлдсэн газарт дахин төлөвлөлт оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид захиргааны арга хэмжээ авна. Мөн компаниудын удирдлагууд асуудлыг хэрхэн шийдэх боломжтой байгаа талаарх хувилбар гаргаж, танилцуул. Улаанбаатар хотын төлөвлөлт гамшгийн хэмжээнд очлоо. Хувийн хэвшлээ хааж, боосон зүйл байхгүй. Аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжиж ажиллана. Гэхдээ хууль ёсны дагуу, дүрэм, журам, стандартаа баримталж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ийм аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө” гэсэн юм. “Эко констракшн” компани анх 4100 айлын орон сууц барихаар төлөвлөлт хийж, зөвшөөрөл авсан байна. Одоо 2000 айлын орон сууцаа барьчихсан бөгөөд давхарт байх айлын тоог нэмэх замаар 5000 айлын орон сууц болгож нэмэгдүүлжээ. Гэтэл ийм хэмжээний орон сууцны хороололд багадаа хоёр сургууль, гурван цэцэрлэг байх ёстой. Харин компанийнхан байрны доод талд гурван хувийн цэцэрлэг байгааг цэцэрлэг байгуулчихсан мэтээр мэдэгджээ. Мөн өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгаа хувийн сургууль болгосон байна.