Герман, Канад, Бельги, Япон, Швед, Франц, Нидерланд, Солонгос дахь Монгол сургуулийн багш нар хамтарч “Би монгол хүн” монгол хэл, соёлын цахим сургуулийг нээжээ. Ингэснээр гадаадад аж төрдөг монгол хүүхдүүд эх хэлээ цахимаар сурах боломжтой боллоо. Сурагчдыг хэлний түвшин, насаар ангилж групп болон ганцаарчилсан хэлбэрээр сургах юм байна. Мөн багш нар нь 2020 онд цахим арга зүйн сургалтад хоёр удаа хамрагдаж, батламж авсан хэмээн Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, сурагчид “Zoom” цахим холбоос ашиглан багштайгаа холбогдох бөгөөд байгаа газраасаа Монгол хэлээ сурна гэсэн үг. Энэ талаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга Ө.Оюунтүлхүүрээс тодруулахад “Дэлхийн 19 оронд 60 гаруй Монгол сургууль байдаг ч төрөлх хэлээ сайн мэдэхгүй хүн олон. Бид жилийн өмнө цахимаар Монгол хэл зааж байгаад, энэ сарын 4-нд албан ёсоор цахим сургуулиа нээлээ. Мөн найман орны 11 багштай үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд одоогоор 84 хүүхэд бүртгүүлсэн байна. Монгол хэл зааж буй багш нар тухайн орны хэлийг сайн эзэмшсэн болохоор сурч буй хүн ойлгоход илүү хялбар байх болно. Бид эхний нэг цагийн хичээлийг үнэ төлбөргүй заасны дараа сурагч сургуульд элсэх эсэхээ шийднэ” гэж мэдээллээ.