Олон нийтийн анхаарлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн их татсан мэдээлэл нь Булган нутгийн хоёр хүчтэн нэгнийгээ маш хүнд гэмтээж зодсон явдал байв. Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын тархи, толгойг гэмтээсэн нь олныг цочирдуулаад буй. Энэ сарын 2-ны үдэш Булган аймгийн АН-ынхтай уулзсаны дараа өөр нэг компанийн байранд очиж үргэлжлүүлэн архи ууж байхдаа маргалдсанаас ийм явдал болсон аж. Улмаар Э.Энхбатыг гэргий нь очиж авч, яаралтай тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргүүлсэн бол Н.Түвшинбаяр тухайн шөнөдөө хаачсан нь тодорхойгүй, хэргийн газраас явсан байжээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн ажилтнууд байж болох хаягуудаар нь хайж, өнгөрсөн бямба гараг хүргэсэн бөгөөд энэ хооронд Н.Түвшинбаяр “Интермед” эмнэлэгт толгойдоо битүү гэмтэлтэй гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.
Цагдаагийнхан түүнийг саатуулан хэлтэстээ хүргэж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт цагдаагийнханд сэжигтнээр тайлбараа өгсөн юм. Тэрбээр “Болсон явдлын юуг нь ч санахгүй нь, хэтэрхий их ууснаас согтсон” хэмээн мэдүүлсэн сурагтай. Уг нь цагдаа, прокурорынхон Н.Түвшинбаярыг сэжигтнээр тооцон цагдан хорих санал гаргахаар бэлтгэж байсан ч “Интермед” эмнэлгийнхэн “Тархины битүү гэмтэлтэй, гурав хоногтоо харзнаж, эмчилнэ” гэсэн учраас саатуулах боломжгүй болсон юм байна. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байрнаас өөр хаалгаар гарган явуулж, эмнэлэгт нь хүргүүлсэн аж. Гурав хоногийн эмчилгээний дараа Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокурор, мөрдөх байгууллагаас шүүхэд хүргүүлэхээр төлөвлөж буй юм билээ. Улсын начин Э.Энхбатын бие маш хүнд байгааг ГССҮТ-ийнхөн хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагынханд тайлбарлаж, эхний ээлжид толгой, тархинд нь үүссэн хаванг шимэгдүүлэх, цаашлаад мэс засал хийж амийг нь аврах эмчилгээ хийнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа