УИХ-ын гишүүн, сайд асан Н.Номтойбаярыг Мөнгөнморьтын буюу 417 дугаар хорих ангиас өнөөдөр сулласан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ талаар "Н.Номтойбаяр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдаагүй. Биеэр эдлэх ялын хугацаагаа дуусгаад суллагдсан" хэмээх мэдээлэл өгөв. 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн түүнийг цагдан хорьсон. Тухайн үед түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байсан юм. Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял оноосон. Хуулиар хэргийг шалгах явцад цагдан хорьсон хугацааг ял эдэлсэнд тооцдог. Н.Номтойбаярын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хоног дээр нэмсэн гэнэ. Улмаар түүний хоригдох хоног нь өнөөдөр дуусгавар болсон байна. Тэрбээр чөлөөтэй болсон даруйдаа цахим орчинд "Та бүгд Сайн байна уу. "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд 57 хоног хасуулж, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй алга болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр цангаж байна" хэмээн жиргэжээ.