Иргэн Г.Мөнхжаргал өчигдөр нүүр номоороо дамжуулан "Энэ одоо юу болоод байгаа юм бэ. 20 жил хайрлаж өсгөсөн үр хүүхдээ дайнгүй цагт цэрэгт явуулчихаад цогцсыг нь авах юм уу. Энэ арай дэндэж байна" хэмээн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч зодуулж, амиа алдсанд харуусан үзэл бодлоо илэрхийлсэн. Улмаар өнөөдөр өглөө (2021.04.01) Сүхбаатарын талбайд ирж, дээгүүрээ нүцгэлэн шууд дамжуулалт хийсэн юм. Тэрбээр "Энх цагт залуус цэрэгт яваад амиа алдаж буйг бид тэвчиж болохгүй. Хүний амийг мөнгөөр үнэлж байна. Би хүүтэй хүн. Насанд хүрэхээр нь цэрэгт явуулна гэж боддог. Цэрэг амиа алдсан харамсалтай хэргийн дараа хүү минь надаас "Ааваа та намайг цэрэгт явуулах хэвээрээ юү" гэж асуулаа. Надад хэлэх хариулт олдсонгүй" хэмээн ярьсан. Гэвч цагдаагийн байгууллагын алба хаагчид түүнд хувцсаа өмсөх шаардлага тавьж, шууд дамжуулалтыг нь таслан зогсоолоо. Мөн залуугаас мэдүүлэг тайлбар авахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү авч явсан. Г.Мөнхжаргалд хуулийн байгууллагаас ямар арга хэмжээ авсныг эргэн мэдээлэх болно.