УИХ-ын чуулган өнөөдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд согтууруулах ундааны нэр, логонд түүхэн хүний нэр, зургийг ашиглах, захиалга, хүргэлтээр үйлчлэхийг хориглохоос гадна 18 болон түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, нэг литрээс их хэмжээгээр савлахыг хориглох зэрэг асуудлыг тусгасан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан “Архинд донтсон иргэдийг албадан эмчилгээнд явуулах талаар эл хуулийн төсөлд тусгажээ. Үүнд зарцуулах хөрөнгийг тусгай сан байгуулан босгох гэнэ. Тэгвэл тэдгээр иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, олсон мөнгөөр нь эмчилгээ хийлгэх боломж бий юу. Мөн төрийн албанд хаагч, тэр дундаа алба хаагчид ажлын байрандаа архидан, согтуурвал хатуу арга хэмжээ авах талаар нэмж судалж өгнө үү” гэсэн юм.