Хүүхдийн төлөө сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хүүхдүүдийг хөгжүүлэх, тэдэнд зориулсан бүтээн байгуулалт хийхэд сангийн хөрөнгийг зарцуулах юм. Харин улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц, улсын бүртгэлийн дугаар борлуулсны болон соёл урлаг, спортын тоглолтын орлогоос эх үүсвэрийг нь бүрдүүлэх аж. Уг хуулийг дагалдуулан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцлээ. Хүүхдийн төлөө сангийн орлогыг олон эх үүсвэрээс бүрдүүлэх шаардлагатайг гишүүд энэ үеэр хөндсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батлут “Сангийн орлогыг цөөн эх үүсвэрээс бүрдүүлэхээр заажээ. Энэ нь сангийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байна гэсэн үг. Байгалийн баялаг ашигласны, архи, тамхи үйлдвэрлэж, борлуулсны татварын тодорхой хувь хэмжээг уг санд төвлөрүүлж болно” гэв. Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд тус сангийн Удирдах хороог байгуулах бөгөөд Засгийн газраас тусгайлсан журам батлах юм байна. Автомашины улсын дугаарыг борлуулснаар жилд 387 саяас зургаан тэрбум орчим төгрөгийг дээрх санд төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ. Оны өмнөхөн зохион байгуулсан соёл урлагийн тоглолтын орлого болох 2.2 тэрбум төгрөгөөр сангийн хөрөнгийг одоогоор бүрдүүлээд байгаа аж.
ЭМДҮЗ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх талаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд Засгийн газрыг төлөөлж тус зөвлөлд багтдаг. Эрүүл мэндийн сайдаар С.Энхболдыг томилсон тул дээрх зөвлөлийн гишүүнээр ажиллуулахаар нэр дэвшүүллээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон, товлосон хугацаанд хамруулан ЭМДС-гаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд холбогдох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн ЭМДҮЗ батална” гэж заасан. УИХ-ын гишүүд энэ үеэр асуулт тавьж, саналаа уламжилсан юм. Тухайлбал, Ч.Ундрам гишүүн “Эрүүл мэндийн даатгалын санд өмнө нь жилд 400-500 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Харин энэ жилээс нэг их наяд орчим төгрөг зарцуулахаар болсон. ЭМДҮЗ бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө, ийм их хэмжээний төгрөгийг захиран зарцуулах эрхтэй байгууллага. Тиймээс гишүүд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Энэ зөвлөл ямар зарчим баримтлах вэ. Иргэд даатгалаа төлсөн хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авч чадахгүй байна. Тиймээс тус сангийн үйл ажиллагаанд итгэх итгэл нь буурсан” гэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид төсвийг нь нэмлээ. Гэтэл сангийн хөрөнгөөс хувийн хэвшлийн байгууллагууд санхүүжилт татах зорилгоор бүр ЭМЯ-наасаа эхэлсэн холбоо сүлжээ бий болгосон байна. Үүнийг яаж шийдэх вэ” хэмээн асуулаа. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ жил тус санд нэг их наяд 66 тэрбум төгрөгийн төсөв тусгасан. Зөвлөлийн гишүүний хувьд ил тод, шударга байдлыг эрхэмлэж ажиллана. ЭМДС-гаас аливаа албан тушаалтан, холбоо сүлжээгээр дамжуулан өөртөө их хэмжээний санхүүжилт авдаг байдлыг илчилж, хариуцлага тооцно” гэж хариуллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг “Миний тооцоолсноор 2023 оноос ЭМДС алдагдал хүлээнэ. Тиймээс алдагдалгүй болгоход анхаарч ажиллаарай. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг чадавхжуулах, нийгмийн зөвшилцлийн гурван талт механизмыг төлөвшүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай” гэж байр сууриа илэрхийлэв. Сайд С.Энхболдыг ЭМДҮЗ-ийн гишүүнээр томилох саналыг УИХ батламжлах юм.
ДЭД ХОРООНЫ ДАРГЫГ ТОМИЛОВ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Г.Ганболд гишүүнийг томиллоо. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.15-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий сонгогчийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэж заасан. Сонгогчийн нэрийн жагсаалтыг улс төрийн намын төлөөлөлд нэг удаа олгох ажлыг эртнээс бэлдэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай” гэж захив. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Г.Дамдинням гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.