УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байдаг.
Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу УИХ-ын болон тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.