Сүүлийн үед аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдол мэр сэр гарах болсон. Эхлэлийг нь УИХ-ын гишүүд сайд нар нар тавьж өгсөн гэхэд болно. Тэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед цэргийн дүрэмт хувцас өмсөж "гангардаг".
Тэгвэл Батлан хамгаалах яамнаас Дайчилгааны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтад хамруулав. Сургалтаар Цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол цэргийн дүрэмт хувцас өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтний хувьд иргэнд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэх зарлан ирсэн бол өмсөх үүрэгтэй гэдгийг анхааруулж сануулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын шинэчилж буй эрх зүйн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан сурагтай.
“Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтыг 2003 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Сургалтаар Төрийн нарийн бичгийн дарга нарт батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг олгож, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар шинэ мэдээ, мэдээлэл өгчээ.
Тодруулбал, Монгол Улсын аюулгүй байдал, аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлт, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, шинэчлэлтийн талаар болон төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чухал мэдээлэл өгсөн байна. Мөн шинэчлэн баталдсан батлан хамгаалахын хууль, тогтоомжууд ялангуяа Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, дагалдах дүрэм, журмуудыг танилцуулжээ. Сургалтын төгсгөлд “Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хамруулсан нь төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн дэмжлэг болно гэдгээ Батлах хамгаалах яамны удирдлага илэрхийлжээ.
Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглодог. Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Товчхондоо, Цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол УИХ-ын гишүүд, яамдын сайд, дарга нар цэргийн дүрэмт хувцас өмсөхгүй.