“Дэлхийн боловсролын эвсэл” байгуулагдаад нэг жил болж байна. Энэ эвсэлд багтдаг улс орнуудын боловсролын сайд нарын дээд хэмжээний уулзалт цахим орчинд боллоо. Энэ удаагийн уулзалт “Ковид-19 цар тахлын үед боловсролын салбарыг сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болов. Сайд нар “Сургуулийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх нь”, “Сургалтын хоцрогдол”, “Цахим шилжилт ба боловролын ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд санал солилцож, туршлагаасаа бусадтайгаа хуваалцлаа.
Дэлхийн банкны судалгаагаар хичээлийн хоцрогдол үргэлжилсээр байвал нэг хүнд ногдох жилийн орлого 865 ам.доллараар буурахаар байгаа юм. Үүнийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хувьд 2.8 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний алдагдал хүлээхээр байна.
Манай улсын тухайд цар тахлын улмаас нэг хичээлийн жилийн сургалтын 45 орчим хувийг хүүхэд зайнаас үзэж байна. Гэтэл аав ээжийнхээ амьжиргааны ялгаатай байдал, төвөөс алслагдсан байдал, дэд бүтэцгүй зэргээс шалтгаалан 178 мянган хүүхэд буюу нийт суралцагчдын 26 хувь нь зайны сургалтад хамрагдаж чадахгүй байгаа юм.
Цаашид хичээлийн хоцрогдлыг арилгахад боловсролын цахим шилжилт зайлшгүй шаардлагатайг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцолсон. Тиймээс хүртээмжтэй, олон төрөлт хичээл боловсруулах, түгээх, хүртээх чиглэлд анхаарна гэлээ.
Тулгамдаж байгаа энэ сэдвүүдийн хүрээнд гарц шийдлийг хамтдаа хайхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уриалаад 10 дугаар сард манай улсад болох дэлхийн боловсролын асуудал хариуцсан сайд нарын өндөр хэмжээний уулзалтад хүрэлцэн ирэхийг урилаа.