Н.Чимэдлхам нарын 26 хүний гэм бурууг шүүх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахиад л хойшиллоо. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтан болох Б.Цогтбаатар, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг элдэв шалтаг хэлж буцаадаг, хэсэг хугацааны дараа авлига авч, зөвшөөрөл олгодог, тендерт шалгаруулдаг гэх хэрэгт холбогдсон юм.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, тус хуулийн 22.4, 5-д заасан Хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Гэвч эл хэргийг анхан шатанд нь ч шийдэж чадалгүй удаж байна. Тодруулбал, хэргийн оролцогч нар байн байн өмгөөлөгчөө сольж, ямар нэг шалтгаан гарган шүүх хурлыг хойшлуулсаар байгаа юм. Ер нь аливаа албан тушаалтан нэр холбогдсон шүүх хурлыг шийдэхээр шүүхээс цаг хугацаа товлодог ч шүүгчдэгч нар дээрх аргаар хойшлуулсаар байгаа юм.
Шүүх хурал хойшилсон шалтгааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ийн тайлбарлав. Тодруулбал, шүүх хуралд шүүгчдэгч Р.Октябрь нь "Ковид-19" халдварт өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болсон тул 14 хоног тусгаарлалтанд орсон, мөн шүүгдэгч Н.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй зэрэг үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.