УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаан эхлэхийн өмнө хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргалаа. Тэрбээр “Засгийн газар өнгөрсөн онд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, ажлын байрыг дэмжих 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Харамсалтай нь, өнөөдөр дотоодод халдвар тархан, өдөрт 300-гаас дээш тохиолдол бүртгэж байна. 1992 оноос хойш эдийн засаг анх удаа 5.3 хувиар агшлаа. 400 мянган иргэн цалингаа авч чадахгүй, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 75 орчим хувь нь сул зогсож байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхэд асуулга тавихад дээрх 5.1 их наяд төгрөгөөс 2.4 их наядыг нь юунд зарцуулснаа тайлагнасан. Үлдсэн 2.7 их наяд төгрөгийг хэрхсэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардах болно. Засгийн газар саяхан 10 их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Үүнийг юунд, хэрхэн зарцуулахыг УИХ-аар хэлэлцмээр байна” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд ямар нэг хариу өгөөгүй бөгөөд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед хүн бүр хариуцлагатай байхыг сануулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хүсэлтээр өмнө нь нэг хоногийн завсарлага өгсөн. Завсарлагын хугацааг сунгах хүсэлтийг тус бүлгээс дахин гаргасан бөгөөд уг асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга 12.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Чуулганы үдээс хойших хуралдаанаар үүнийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дүгнэлтийг Н.Ганибал гишүүн танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох гэж буй болон тодорхойгүй байдал үүсгэсэн асуудлыг бага суудлын хуралдаанаараа хэлэлцэж байгаатай нь холбогдуулан хуулийн хүрээнд Цэцээс тодруулга авсан. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Цэцийн гишүүн Б.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаан үргэлжилж байгааг хэлсэн. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2.2-т “Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанд оролцож буй гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэж байгаа нь тус байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт нөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл. Цэцийн гишүүн Ш.Цогтоог төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөх гэж байна. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн жил дууссан бөгөөд тэр үед чөлөөлөөгүй. Энэ мэт үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөх гэж байгаа бол бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Н.Чинбат нарын асуудлыг нэг мөр хэлэлцэх нь зүйтэй” хэмээн онцлов. УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар ажлаас нь чөлөөлөх боломжгүй. Дараагийн гишүүнийг нь томилсноор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болдог хуультай. Тиймээс Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч чөлөөлөх ямар ч үндэслэл өмнө нь байгаагүй. Түүнчлэн Н.Чинбат гишүүнийг чөлөөлөх хугацаа нь болоогүй. Ийм байхад эгүүлэн татах асуудал тавьж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг” гэж тайлбарлалаа. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилохоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх тогтоолыг баталсанд тооцох аж.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав. Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, оронд нь Г.Ганболд гишүүнийг ажиллуулахаар боллоо. Түүнчлэн Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Дараа нь Коронавирусийн халдварын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх талаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Т.Доржхандын тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Энэ сарын 26-ны байдлаар тусгай үүргийн 144 нислэгээр 24 448 иргэн эх орондоо иржээ. Мөн Монгол, БНХАУ-ын хилийн боомтоор 4447, Монгол, ОХУ-ын хилийн боомтоор 2454 хүнийг нэвтрүүлсэн байна. Хугацаа алдаж, гадаадад байгаа монгол иргэдийг маш ихээр хохироосон, коронавирусийн вакцин худалдан авахад зориулж төсөвт хөрөнгө тусгаагүй зэргийг гишүүд хөндлөө.