Хаврын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас сурагчдын амралтын хугацаанд хичээллүүлэх тушаалыг гаргасан учрыг тодруулж, сурагч багш нарыг хоёрдугаар улирлын амралтын хугацаанд нь амраах боломж бий эсэхийг асуулаа.
Уг асуултанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах хариултыг өгөв. Тэрбээр, "Сурагчид хоёрдугаар улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Харин өмнө тушаал гаргасны учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал хүсэлт бидэнд ирсэн. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно. Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа тул үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно" гэдгийг тайлбарыг өгөв.
Тэрээр өмнө нь дараах шийдвэрийг гаргаж байв. ЕБС-ийн сурагчид гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амрах байсныг цуцалж, үргэлжлүүлэн хичээллэх шийдвэрийг боловсролын сайд энэ сарын 19-ны өдөр гаргасан байна. ЕБС-д суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосон шийдвэрээс бусад аймаг, сум тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах тушаал шийдвэр гарч байв.