Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбер болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд Ковид-19 цар тахлаас үүдэн боловсролын салбар хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан. Өнөөдрийн байдлаар суралцагчдын 25 гаруй хувь хичээлийн хоцрогдолтой байна. Иймд боловсролын салбарын хоцрогдлыг арилгахад хамтарч ажиллах саналтай байна. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбар реформ хийж, салбарын багц хуулийн төслийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Салбарын хуулийн шинэчлэлийг хийхдээ санхүүжилт ямар байх ёстой, бүх түвшний боловсролын байгууллагын засаглалын асуудлыг илүү тодорхой байдлаар тусгаж өгнө. Богино хугацаандаа хичээлийн хоцрогдол, урт хугацаандаа салбарын реформыг хийхээр төлөвлөн ажиллаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзалтын үеэр онцоллоо. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, залуу судлаачдын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Ноён Элчин сайд Л.Энх-Амгалан сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, Герман улсын хувьд ч боловсролын салбарын хоцрогдол хүндхэн асуудал болоод байгаа гэв. Монгол Улсад герман хэлний сургалт явагдаж эхэлсний 30 жилийн ой тохионо. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтээ ноён Элчин сайд хэллээ. Одоогийн байдлаар ойролцоогоор 47 багш, 4000 гаруй хүн герман хэлийг зааж, суралцаж байна. Элчин сайд герман хэлийг гадаад хэлний хөтөлбөрт оруулах хугацааг сунгаж өгөх хүсэлтийг мөн тавилаа. Талууд боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны тухайд хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд ашигт малтмал, технологийн их сургуулийг Налайх дүүрэгт байгуулсан. Мөн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол-Германы соёл, боловсролын уулзалтын протоколд туссан герман талын санаачилга болох “Сургууль: ирээдүйн түнш” (PASCH) төсөл зэргийг амжилттай хэрэгжүүлж байна.