Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгохоор шийдвэрлэжээ. Энэ сарын 13-14-нд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон зарим өрхийн хохирлыг арилгах, малын сэг, зэмийг зөөвөрлөн устгах болон коронавирусийн эсрэг дархлаажуулалтад оролцохоор орон нутгаас нийслэлд ирсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурсны 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айлууд орон гэргүй болжээ. Иймд Улсын онцгой комисст ирсэн хүсэлтийг үндэслэн Архангайд нэг, Дундговьд 50, Өвөрхангайд тав, Булганд 15, нийслэлд ес, нийт 280 сая төгрөгийн 80 гэр гэр олгох аж.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас Дундговь аймагт их хэмжээний мал зүй бусаар хоргодсон учир сэг, зэмийг нь устгахад зориулж 150 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийг зарцуулах гэнэ.