Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан О.Заяамандахад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Дипломат-95” хэмээх ГХЯ-ны мэдэлд байсан, гадаадын ЭСЯ-ныханд зориулсан орон сууцыг 2016 онд Засгийн газраас хувьчлах тогтоол батлахдаа “Одоо эзэмшиж буй иргэдэд нь эзэмшүүлэх”-ээр зааж, АСЕМ-ын дуулианы үеэр хувьд шилжүүлсэн байдаг. Уг хувьчлалыг явуулахад Сангийн сайд асан Ч.Болорын тушаалаар ажлын хэсэг байгуулахад тухайн үеийн Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга О.Заяамандах багтсан юм. Ийнхүү ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж бусдын нэр дээр байр шилжүүлэн авч, бусдад давуу байдал бий болгосон нь АТГ-ынхны мөрдөн шалгалт, бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзлээ. Улмаар 20 мянган нэгж буюу 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасахаар болжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа