Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын дунд уур амьсгалын өөрчлөлт, үүний хүүхдэд нөлөөлөл сэдвээр гар зургийн уралдаан зарлажээ. Улмаар шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн аж. Монголоос нийт есөн бүтээл илгээснээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын III сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарав. 1981 оноос хойш хоёр жил тутам зохиож ирсэн уг үзэсгэлэнд дэлхийн 56 орны хүүхдүүд 8062 бүтээл илгээснээс Монгол хүүхэд ийн “Канагавагийн шагнал”-ын эзнээр тодорчээ. Шалгарсан бүтээлүүдэд сертифкат олгосон гэнэ. Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Канагава мужийнхан уг үзэсгэлэнг зохион байгуулдгийн зорилго нь маргаашийн удирдагч манлайлагч хүүхдүүдийн бүтээлч байдал, хүсэл мөрөөдлийг уран зургаар дамжуулан харуулах юм. Мөн энэхүү үзэсгэлэн нь ертөнц дээрх янз бүрийн амьдралын хэв маяг, соёлын ялгаатай байдлыг ойлгуулахад чухал ач холбогдолтой аж.